Оюутан гэж хэн бэ? Яагаад залуучууд бүгд л “оюутан” нэрийг зүүх гэж хүсдэг юм болоо? Коллеж, МСҮТ, их дээд сургууль хаана ч хамаагүй оюутан л болохыг ихэнх залуу хүмүүс хүсдэг. Тэр нэг талаар мэдээж байх л даа. Сурч боловсрох улмаар хүний өмнө нүүр бардам үзүүлэх мэргэжлийн гэрчилгээ эсвэл боловсролын зэргийг харуулсан дипломтой болох гэж тэр шүү дээ.
Идэр залуу насны, нөгөө ардын үгээр “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” гал дөлтэй эрч хүчтэй эргэж үл ирэх залуу насныхаа 4-5-н жилийг оюутан байхад зориулдаг. Зарим нь зорилгоо ухамсарлан хичээлдээ мэрийж сайн сурч байхад зарим нь зөвхөн аав ээжийн “амыг хааж, ачийг хариулж” байгаа учир дөнгөж л сурч байгаа нэр зүүдэг. Би бол 18 ч хүрээгүй орос явсан учир төгсөж ирчихээд багш болоод Монголын их дээд сургуулийн учрыг ойлгож уусах гэж бас л зүдэрч байсан. Одоо 20 н жил энэ тогоонд чанагдлаа.
Эхлээд аймаар “ширүүн” чанга багш байсан бол одоо оюутнуудыг улам л ихээр ойлгож дэмжихийг хичээдэг нэг талдаа “сул” багш болсон бололтой. Би ч өөрөө оюутан байсан. Оюутнууд сурч байгаа мэргэжил, хичээл заалгаж байгаа багш, ангийнхаа хүүхдүүд гээд л бүх юмны талаар дор бүрнээ өөр өөр ойлголттой байдаг. Багш нарыг ч бас сайн ярина. Шоолно, шүүмжилнэ. Нэр хоч өгнө. Үүнийг бид туулаад л гарсан.
Сурах л ёстой. Дипломгүй л харьж болохгүй гэсэн ойлголт тэр үед надад хатуу суусан байсан. Өөрөөр хэлбэл ямар ч бэрхшээл таарсан, хэцүү хичээл, “эвгүй” багш байсан ч би энэ хичээлийг давах л ёстой гэсэн ойлголттой байсан. Тэгээд л диплом бичих болоход орос багш нар юу ч хэлж өгөхгүй. Олдох ч үгүй. Тэр үед за ингээд л дуусдаг юм байна. Дипломоо хамгаалж чадахгүй нь гэж бодоод унтаж ч чадахаа байж галт тэрэгний буудал дээр намайг хүлээн зогсох насан өндөр эцэг эхийнхээ царайг яаж харна даа гэж шаналдаг байсан.
Тэгээд чадлаараа л юм бичээд л орсон. Хамгаалсан.
Одоо эргээд харахаар тэр багш нар миний хийсэн юманд биш би миний хийх зүйлд миний ирээдүйд, надад итгэж хамгаалалтыг минь тэгэж их дэмжсэн байх гэж би боддог. Энэ утгаараа би оюутнуудыг хамгаалалт дээрээ тулахад хамгаалуулах гэж хамаг чадлаараа дэмждэг. Мэдээж маш сул ч хүүхэд байдаг. Бүүр багшийнхаа төлөө хамгаалж байгаа юм шиг ч хүүхэд байдаг. Хичнээн уур хүрсэн ч би дэмжихийг л хичээдэг.
Энэ буруу ч байж мэдэх юм. Гэхдээ миний бодлоор залуу хүний урам зоригийг мохоож боломгүй санагддаг. Багш бидний гаргаж байгаа тэр сэтгэлийг ойлгосон нэг нь олоон жилийн дараа эргэж ирээд “Багш аа, их баярласан шүү тэр үед. Би үнэхээр муу байсан. Та нар намайг дэмжсэн. Би одоо үргэлж тэр өдрийг санаж ямагт хичээж явдаг” гэж хэлдэг юм.
Иймд эрхэм шавь нар минь, хамгаалалт дээр сууж байгаа багш нар та нарын мууг үзэх гэж асуулт тавьдаггүй, та нарыг дэмжих гэсэн бодол дотроо агуулаастай байдаг гэдэгт итгээрэй. Харин та ядаж цагтаа, зөв хувцаслаж ирээд өөрийн чадлаар хийсэн зүйлээ өөрийн үгээр тайлбарлан ярих чадвартай байх нь чухал. Ердөө л энэ. Ийм байвал та хамгаалах л болно. Таныг багш нар чинь дэмжих л болно. Бүх зүйлд багшид найдаж болохгүй. Өөртөө найдаж өөрөө хийж байгаа зүйлдээ итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийн бичсэн дипломын ажлаа ТА “хамгаалах” гэж л хамгаалалтанд орж байгаа шүү дээ. Үүнийг битгий мартаарай.
За ингээд нэгэнт л сургуульд орсон л бол дипломоо гардан авах баяртай өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байж урам зоригтой өөрийн бодолтой байхыг Оюутан бүрт хүсье!
Их гоё урам хайралсан үг байна.Цаашид таниас авсан урамаа олон хүнд өгөх нь шавь болсон бид нарын үүрэг байх.Баярллаа багшаа
Surch medsenee heregjuulj hunii daitai yavaarai. Oyutan nas hamgiin saihan ye dee…
Үнэхээр гоё урам хайрласан үгс байна. Таньд баярлалаа, хичээх болно оо
Zaluu nas ooroo erch huchnii eh uusver baidag. Ih zyiliig surch medehed tsagaa zarstuulj baih ni mash heregtei shuu.
Багшаа баярлалаа. Үргэлж бидэндээ урам хайрладагт тань баярлалаа.
Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж явбал багш нар чинь их баярлах болно.