1. Тэмдэглэл ба үзүүлэн. Чадварлаг илтгэгч тэмдэглэл, гар бичмэл, үзүүлэн файлаа харж ярьдаггүй. Хааяа нэг тэмдэглэл рүүгээ харж болох ч урьдаас бэлдсэн зүйлд шууд юм харж унших нь байж болохгүй алдаа. Ийм байдал нь сонсогчидтой тогтоосон харьцааг унагаадаг.
- Зөвөлгөө: Материалаа бүрэн гүйцэд ойлгож өөрийн болгон, ярих зүйлээ төгс эзэмших хэрэгтэй. Тэмдэглэсэн зүйлсээ дахин давтан уншиж, дахин дахин өөрийгөө шалга.
2. Харц. Харцаар харилцаа тогтоох нь итгэл үнэмшил, найдвартай байдал, харилцан ойлголцолыг бий болгоход шийдвэрлэх үүрэгтэйг сайн илтгэгчид ойлгодог. Олонх хүмүүс өрөөнд байгаа бүх зүйл рүү (хана, шал, ширээ, компьютер) харж ярьдаг муу зуршилтай байдаг.
- Зөвөлгөө: Хамгийн багадаа хугацааны 90 хувьд сонсогчтойгоо нүдээр харилцаа тогтоох хэрэгтэй. Хааяа өөрийн тэмдэглэл болон үзүүлэн рүүгээ хальт харж болно. Гэхдээ илтгэгч сонсогчидтойгоо ярьдаг харин үзүүлэнтэй ярьдаггүй гэдгийг мартаж болохгүй.
3. Хувцаслалт. Илтгэгч хүн чухал харагдах ёстой. Хамгийн алдар нэртэй хүмүүс чөлөөт хэлбэрээр хувцасласан ч хамгийн нэр хүндтэй фирмийн хувцасыг л өмсдөг. Ихэнх удирдагч нар одоо байгаа байр суурьнаасаа илүү дээгүүр байдлаар хувцасладаг. Тэд хямдхан хослол, элэгдсэн гутал, таарамжгүй хувцас өмсдөггүй.
- Зөвөлгөө: Таны хувьд санал, зөвөлгөө нь үнэ цэнэтэй, итгэл төрүүлэхүйц тийм дэлгүүр, худалдагчийг хайж ол. Өөрт үргэлж зохимжтой байхаар гэхдээ дурын нэгнээс арай дээгүүр хувцасла.
4. Биеийн хэл. Илтгэгч хүнд хамгийн чухал зүйлийн нэг бол биеийн хэл юм. Сайн илтгэгч нар өөрийн сул талаа таньж илрүүлэн, сандрах, чичрэх, гараа үрэх, урагш хойш найгах зэрэг муу зуршлаасаа салсан байдаг. Ийм байдал нь илтгэгчийн өөртөө итгэх итгэлийг бууруулж байдаг. Гэхдээ “зэрэгц” тушаал авсан цэрэг мэт номхон зогсож ярих нь илтгэлийг бүүр ч сонирхолгүй болгоно.
- Зөвөлгөө: Илтгэл бүр дээрээ бичлэг хий. Тэгээд сул талаа илрүүлэн устга. Сайн илтгэгч өөрийн биеийн хэлний тусламжтайгаар илтгэлээ улам амилуулдаг.
5. Бэлтгэлт. Сайн илтгэгч илтгэл бүрээ чухал хэмээн үздэг бөгөөд хангалттай бэлтгэл хийдэг. Муу бэлтгэсэн илтгэлээс хэзээд өө олддог.
- Зөвөлгөө: Илтгэлийнхээ хэсэг бүрийг давт. Ямар үзүүлэнгийн үед сонсогч нарын дундуур явах, ямар үгний үед хаашаа харах, дууны өнгөө хэрхэх гээд бүгдийг бэлтгэ.
6. Цохилттой үгс. Олонх хүмүүс үзүүлэн файлаа гаргачихаад түүнийгээ хараад уншаад байдаг. Энэ бол илтгэл биш.
- Зөвөлгөө: Үзүүлэн файлын нэг хуудас дээр хэтэрхий олон үг бичиж болохгүй. Нэг хуудас дээр 16-н мөр, нэг мөрөнд 4-н үг байхад л хангалттай. Чухал агууламжтай, цохилттой үгсийг өнгөөр ялга. Сонсогчид бичиг үсэг тайлагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй.
7. Хугацаа. Өөрийн санаагаа товч, ойлгомжтой, дүрэлзсэн байдлаар илэрхийлэх нь удирдагчид хичнээн чухал болохыг чадварлаг илтгэгч ойлгосон байдаг. Сонсогчдын анхаарал 18 минут болоод сарниж байдаг гэсэн судалгаа бий.
- Зөвөлгөө:Бүх ярих зүйлээ хяна. 30-н секундэнд хэлж болох зүйлд 5-н минут зарцуулж байгаа юм биш биз. Хураангуйлж болох бүх зүйлийг товчил. Гол санаандаа хугацаа гарга.
8. Эхлэл ба төгсгөл. Сайн илтгэгч илтгэлийнхээ туршид сонсогч нарынхаа анхаарлыг өөр дээрээ тогтоож чаддаг. Гэхдээ судалгаанаас үзэхэд сонсогчид илтгэлийн эхлэл болоод төгсгөлийг тогтоон үлдэх нь их байдаг. Иймд илтгэлээ боловсон эхэлж, сэтгэл хөдөлгөсөн, сэдээлт өгсөн үгсээр дуусга.
- Зөвөлгөө: Илтгэлдээ хэлэх гэсэн санаагаа төгсгөлд нь заавал давтан хэлж бай.
“Амжилтын донор” сэтгүүлээс товчлон хүргэв.
Recent Comments