Зул сар

Tannenbaum

Weihnachten

Weihnachten. Зул сар хэмээн орчуулсан энэ баярыг Германд ийнхүү нэрлэдэг. Ногоон гацуур, гэрлэн чимэглэл зэргээрээ зул сар шинэ жилтэй төстэй ч утга санаа нь огт өөр.

Энэ бол Христийн төрсөн өдөр. Зарим нь 12 сарын 25-д зарим нь 12 сарын 24-нд энэ баяраа тэмдэглэх юм.

Германчууд энэ баярт их ач холбогдол өгнө. 12 сарын эхний өдрөөс эхлэн Зул сарын “зах” ажиллаж эхэлнэ. Тэнд халуун дарс, төрөл бүрийн хоол болон бэлэг дурсгалын зүйлүүд борлуулна. Олон жижигхэн манайхаар бол явуулын ТҮЦ бий болно. Тэднийгээ бас чимэглэн гоёно. Хот бүр өөрийн гэсэн ийм захыг төв талбай дээрээ гаргана. Том ногоо мод бас Пирамид хэмээн нэрлэцгээх дотроо дүрсүүдтэй дээрээ сэнстэй гурвалжин байршуулна. Мөн жижигхэн тайз засна. Тэр тайзан дээрээ өдөр бүр өөр өөр тоглолтууд үзүүлнэ. Амьд тоглолт буюу хүмүүс ирж дуулж бүжиглэнэ. Заримдаа хүүхдүүдэд зориулан жүжиг ч тоглоно. Ер нь бол 23-н хоног энэ зах тогтмол дуу шуутайгаар ажиллана. Хүмүүс хүүхдүүдтэйгээ хамт ирж энд тоглолт үзээд халуун ундаа ууж хоол идэн тайван алхацгаана.

Зул сар болтол 4-н Ням гараг тэмдэглэнэ. Үүнийг Advent хэмээн нэрлэдэг. Орчуулбал ирж байгаа гэсэн үг гэсэн. Зул сар болтол Ням гараг бүрийг ийнхүү 1-р, 2-р, 3-р Advent хэмээн нэрлэж нэг нэгээр улаан лаа нэмэж асаана. Өөрөөр хэлбэл 2-р Ням гарагт 2 улаан лаа асаах ёстой. Ер нь бол зул сараараа лаа их асаадаг. Зарим айл нь ногоон гацуур дээрээ хүртэл жинхэнэ лаа тавьдаг юм билээ. Айл болгон амьд ногоон мод засна. Манайх ч бас усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр энэ жил анх удаа амьд гацуур гэртээ заслаа. Гацуураа суулгадаг зориулалтын төхөөрөмж байна. Тэр нь хүнд модыг яг сайхан тэгшхэн тогтоох технологитой бас дотор нь ус хийх зориулалттай. Ус хийдэг нь ногоон гацуураа доод тал нь нэг сар шинээр нь байлгах зорилготой гэсэн. Тоглоомууд нэг их зүүхгүй. Монголтой харьцуулбал арай бага тоглоом тавьдаг санагдсан. Гараар хийсэн олон гоё тоглоомоор чимэх дуртай. Чимэглэл бүр олон гүн утга агуулсан байх жишээтэй. Манайхан шиг гацуур дээр мөнгө тавина гэсэн ойлголт үгүй. Бас зөвхөн бага хүүхэдтэй л айл гацуур засна гэж ялгаварлахгүй. Бүх айл засаж болно. Гэртээ мөн гадаа тагтан дээрээ ч зассан байх юм билээ. Үүнээс гадна зарим хотуудад нь цонхон дээрээ дугуй голцуу нуман хэлбэртэй гэрэл бас асаана. Өмнө энэ хавьд олон мөнгөний уурхай байсан гэнэ. Тэгээд өдөржин харанхуйд газар дор ажилласан хүмүүсийг гэрийхэн нь хүлээн гэрэлтэйгээ суудаг байсан бөгөөд харанхуйгаас харьж яваа хүн ч гэсэн гэрэл харах дуртай байснаас улбаалан ийм заншил тогтсон гэсэн. Одоо сүүлийн үед гурвалжин хэлбэр бас орсон байна лээ.

Энэ утгаараа одоо бол гадаа гарахад айл болгоны цонхон дээр ямар нэгэн гэрлэн чимэглэлтэй байх бөгөөд энэ гэрлээ шөнөжин асаагаатай байх нь ч бий. Мэдээжээр дэлгүүр гэх мэтийн газрууд бол маш сүрлэг мод засаж бас олон сайхан гэрлэн чимэглэл хийдэг. Зул сараар гэр бүлүүд цуглардаг. Манай цагаан сар шиг. Бас бэлэг солилцдог. Stollen хэмээн нэрлэдэг үзэмтэй амттанг энэ үеэрээ иддэг. Ер нь германд анзаарагдсан нэг зүйл гэвэл баяр бүрээр идэх уух зүйл нь тодорхой, гэр орноо чимэглэх гоёл нь ч тодорхой. Энэ баяраар ийм юм иддэг, ийм юм хийдэг гэх мэтээр ярьцгааж тэрийгээ дагадаг юм билээ. Мөн энэ амттанг энэ үеэр л идэж болно, эсвэл халуун дарсыг зул сараар л ууна гэх мэтээр их тогтсон хэвшмэл зүйл ихтэй.

Зул сар гэж өмнө нь киноноос л харж байсан баяраа одоо Германд оронд хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөж сууна. Орон бүр, үндэстэн бүр өөр өөрийн баяртай байх нь сайхан бас сонин юмаа. Манай наадам, цагаан сар гадны хүмүүст бас их л сонин санагддаг байх даа…

Энэ бичлэгийг тэвчээр гарган дуустал нь уншсан Танд ирж буй Шинэ оны Баярын мэндийг угтан хүргэж, эрүүл энхийн дээдийг ерөөн, юу санасан ариун цагаан хүсэл бүрээ биелүүлж явах өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

1 comment to Зул сар

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>