ЭХИС-н жил болгоны 3-р сард Магистр, Доктор оюутаны эрдэм шинжилгээний бага хурал хийдэг уламжлалтай. Хэрэв Та магистраа хугацаандаа хамгаалах хүсэлтэй бол хамгийн багадаа 2 хэвлүүлсэн материалтай байх ёстой байдаг. Иймд над дээр Магистрын төгсөлтийн ажил бичиж байгаа Магистр оюутнууд энэ 1-р сар дотор багтааж өөрсдийн тавих илтгэлээ явуулж хянуулахыг сануулж байна.
Илтгэлд тавигдах шаардлага, хурал болох хугацаа, илтгэлийг хэнд хэзээ хураалгах зэрэг мэдээллийг сургуулиас авна уу. Дотор нь ажиллаж байгаа нэг нь тэр талаарх мэдээллийг дор бичиж үлдээвэл бүгдэд тун нэмэртэйг бас хэлмээр байна.
Илтгэлийн сэдэв:
1. Эхний жилийн Магистр оюутнууд сэдвийнхээ судлагдсан байдлын талаарх судалгааны талаар бичиж болно. Өөрөөр хэлбэл сонгож авсан сэдвийнхээ талаар өөрөөсөө өмнө хийсэн хүмүүсийн бүтээлийн жагсаалт гарган, түүнд дүгнэлт хийж өөрийн бодол саналыг нэмэрлэсэн талаар бичиж болдог.
2. Дундаа орж яваа оюутнууд өөрийн хийж байгаа ажлынхаа санааг гаргасан судалгааны чиглэлийн илтгэл бичиж болно. Үүндээ яагаад ийм сэдэв сонгох болсон болон яг юуг шинээр хийж байгаагаа бичих нь зүйтэй.
3. Харин төгсөх дөхөж байгаа бол өөрийн хийсэн ажлыг дүгнэсэн, илтгэж дүрслэн эсвэл томъёолж харуулсан байдлаар дүгнэлт хэлбэрийн илтгэл бичнэ. Мөн хийсэн зүйлээ туршсан дүгнэлтээ оруулбал сайн.
Жич: Дээрх хуралд энэ жил ороогүй Магиструуддаа цаашдаа хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байна.
Recent Comments