Одоогоор 10 000 болтолоо оролцогчийн тоо нь өсөөд байгаа онлайн сургалтанд сууж байгаа тухайгаа өмнө өгүүлсэн билээ. Унших материал маш ихтэй энэ сургалтаас олон зүйлийг суралцаж байна.
Өнөөдөр болох семинарт бэлтгэн нэлээн материал үзлээ. Joi Ito хэмээх нэгэн япон хүн (MIT, Media Lab захирал) хэрхэн суралцсан өөрийн арга барилын талаар өгүүлж байх юм. Тэрээр нэг эгчтэй бөгөөд эгч нь уламжлалт сургалтын арга замаар буюу сургуулийн сайн сурагч байж, багшийн хий гэсэн бүхнийг хийсээр эрдмийн мөр хөөсөн гэнэ. Өөрөө бол сургуульдаа тааруу сурдаг интернэтээр хэсэж, тоглоом тоглодог, ном унших дургүй манайхаар бол “дэггүй” нэгэн байсан бололтой.
Гэвч тэрээр үүнийгээ муу болоогүй. Тийм чөлөөт аргаар явсаар өөрөө сурах арга барилаа тогтоож улмаар өөр замаар явсаар бас л эрдмийн мөр хөөж тэгээд эгчтэйгээ эргэн нэг цэг дээр уулзсан хэмээн ярьж байх юм.
Түүний гол санаа бол: Орчин үе бол интернэтийн эрин. Хүн чөлөөтэй сэтгэж чөлөөтэй байж сайн дураараа юманд хөдлөх нь амжилтын эх үүсвэр хэмээн өгүүлж байна. Өөрөөр хэлбэл албан бус сургалт бол албан сургалтаас огт дутахгүй үр дүнг өгөх боломжтой хэмээн ярих ажээ.
Миний бодол:
Үнэндээ би бол энэ хүнтэй учиргүй санал нийлэхгүй байна. Япон орон, ёс заншил, уламжлалт сургах арга зүй манайхаас огт өөр. Бас өсөж бойжиж байгаа орчин. Цаашид амьдрах хэв маяг, бүгд өөр. Тэгэхээр бид энэ хүний хэлж байгааг шууд л их сайхан зүйл байна хэмээн хүлээж авах учир дутагдалтай санагдана. Мэдээж одооны эрин үе өөр. Бидний үед зурагтаар хүүхэлдэйн кино “Ну погоди” л үздэг байлаа ш дээ. Юун утас, интернэт. Бид ийм цаг үед өссөнд би баярладаг. Бүх юм цэгцтэй. Цагтай байсан санагдаж байна. Одоо бол орчин үеийн хүүхдүүд их чөлөөтэй болж. Санаж бодсоноо шууд хэлнэ. Том хүнээс “эмээнэ” гэж байхгүй. Сайхан мэт боловч ЗӨВ ҮҮ? гэсэн асуулт бас гарч ирж байна. Социализмын үед орос ах нарыгаа дагаж хотжиж, соёлжиж байгаа нь энэ гээд манай Монголчууд архи уух, шинэ жил, Март гээд л 9-н жорын баяр тэмдэглэх, хахууль өгөх зэргийг сурч шингээж үлдсэн санагддаг. Тэрэн шигээ АНУ болоод бусад хөгжингүй оронд одоо үүсээд байгаа сурганы, боловсролын системийн шинэ урсгал өнгө аясыг шууд л хуулбарлан дуурайх нь буруу байж болох юм.
Монгол гэдэг чинь өөрийн гэсэн сурган хүмүүжүлэх арга барилтай ард түмэн. Түүнийгээ орчин үеийн техник технологийн хөгжилтэй хослуулан сургалтандаа хэрэглэбэл харин зүйтэй санагдаж байна.
Энэ сургалтын үед надад бодогдож байгаа нэг зүйл бол манай улс сургуулийн өмнөх болоод бага дунд ангийн боловсролд хүчтэй анхаарал тавих цаг нэгэнт болсон мэт санагдаж байна. Цэцэрлэгийн, бага дунд ангийн багш нарын боловсролд онцгой анхаарч тэдэнд сурч боловсрох өргөн боломж олгомоор санагдаж байна. Нэг ангид байдаг хүүхдийн тоог бууруулах дээр анхаарч багш нарыг хүүхдүүдтэйгээ харьцах боломж нөхцөлөөр хангаж өгөх сөн.
Дээд боловсрол бол өөрсдөө учраа олоод явна гэж би боддог. 16 нас нэгэнт өнгөрсөн том болсон хүний хүүхдүүдийг хүмүүжүүлэх амаргүй. Хүмүүжлийг багаас нь л эхэлмээр байна. Сурах арга барилд багаас нь сургамаар байна. Бүтээлчээр суралцах тухай энэ сургалт л гэхэд “Насан туршийн цэцэрлэг” нэртэй MIT сургуулийн лабораториос зохион байгуулагдаж байна шүү дээ. Тэгэхээр хүн хамаг чухал хүмүүжил боловсролоо “багаасаа, цэцэрлэгт байхаасаа л” олж авдаг нь үнэн байх нь. Бага насны хүүхдүүдийг сургах хүмүүжүүлэхэд нийгмээрээ анхаарах сан. Аав ээж, ах дүүс нь бэлэг өгөхдөө чихэр мөнгө биш харин тэр хүүхдийн хүмүүжил сурахад нь нэмэртэй зүйл өгч байх сан. Мөнгөтэй компаниуд дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгч байгаа шигээ цэцэрлэгт, бага сургуулиуд руу хандаж тэнд байгаа сурганы хэрэглэглэхүүнийг сайжруулахад тусалж байгаасай. Багш нарыг нь сурах боловсрох хөгжихөд нь хөрөнгө санхүүгээр дэмжиж байгаасай.
Бид ч гэсэн цаг гаргаад цэцэрлэг сургуулт дээр очиж тусалж байх сан. Тэгвэл бидний хүүхдүүд болсон ирээдүй маань боловсролтой хүмүүжилтэй иргэдээр дүүрч бидний хүүхдүүд ч зөв сайхан явах биш үү.
Энэ уншлагаас би ийм л бодолтой үлдлээ. Та юу гэж бодож байна даа? энэ талаар…
Юуны өмнө том хэмжээний зайн сургалтад Монголоос ганцаараа хамрагдаж буй танд баяр хүргэе. Манай боловсролыг бага наснаас анхаарах ёстой гэсэн санаатай санал нэг байна. Үнэхээр бид боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бидний оюутан, суралцагчид ямар түвшинд байна, тэдэд юу дутмаг байна гэдгийг сайн мэдэрдэг. Надад гадны орны нэг туршлага их таалагдсан. Энэ бол тухайн хүүхдийг цэцэрлэгийн наснаас эхлэн их сургуульд ортол нь шинжиж, авъяас чадвар, хувийн онцлогийг нь тодорхойлж, яг мэргэжлээ сонгох үед нь ямар мэргэжил түүнд тохирохыг тооцоолж гаргадаг гэсэн. Энэ нь биднийг мэргэжлээ буруу сонгох, амжилтгүй ажиллах зэргээс сэргийлнэ.
Монголын уламжлалт сурганы арга зүйг орчин үеийн арга зүй, техник технологитой хослуулсан арга зүй бол хамгийн сайхан сонсогож байна. Харин яаж хослуулах гэдэг бол асуудал шүү.
Санал бодлоо хуваалцаж байгаад баярлалаа. Хөгжингүй орнууд ер нь л тэгдэг бололтой. Герман гэхэд гимназумд орох эсэхийг сургууль, улсын комисс шийддэг. Тэд Бага ангиас нь тодорхойлсоор шууд шигшээд энэ хүүхдүүд гимназумд сурч болно, энэ нь бэлтгэлтэйгээр дээд сургуульд сурч болно, ийм хүүхдүүд бол дунд мэргэжил эзэмших сургуульд сурна гээд хуваадаг юм байна. Хүүхдийн сурлагын амжилт бас хүмүүжил, төлөвшил бүгдийг тооцдог бололтой.