Саяхан хүүтэйгээ ном хаялцав. Өөдөөс олон тайлбар тавиад байхаар нь чи надаас ОГТ өөр байх боломжгүй. Яагаад гэвэл чи надаас төрсөн. Алимны модноос алим л ургана, лийр ургахгүй хэмээн би цэцэрхлээ. Тэгсэн өөдөөс, Алимны модноос лийр ургахгүй ч тэр алимны модноос чинь жижиг, том, амттай, амтгүй алимнууд ургаж болно, хэмээв…
Ийм сэдвээр ярих болсон шалтгаан бол хүү маань ихэнхдээ ойлголцохоо байгаад ирэхээр надад Би танаас ОГТ өөр гэж хэлдэгээс болсон хэрэг. Би аминдаа, хүн эцэг эхээсээ тийм их өөр байх боломжгүй гэж хэлсэн хэрэг. Манай ардын үгэнд, Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг, Эх нь булингартай бол адаг нь булингартай гэх мэтээр аливаа зүйл эх үүсвэртэйгээ нягт холбоотой байдаг тухай сургадаг. Тэгээд би энэ санааг хүүдээ дамжуулж байгаа нь тэр. Гэтэл 14 -н настай хүү маань өөдөөс ингэж хариулж байна.
Би уурлах, ундуйцах алиныг нь хийхээ ч үнэндээ мэдсэнгүй. Дэмий л чи тэгээд ямар алим юм? л гэлээ. Би бол амттай байх гэж хичээж байгаа том алим гэж хариулсан. Эхний ярианаас нь харахаар хүү маань их л гүн сэтгэж байх шиг, харин хариултыг нь харахаар аргагүй л нялх байгаа мэт…
Үнэхээр л алимны модноос ургасан ШИНЭ алим юм даа миний хүү гэж би бодож суулаа дотроо.
Та бүхэн өсвөр насны охид хөвгүүдтэйгээ хир хэл амаа олж байна даа? Туршлагаасаа надтай хуваалцвал талархах байна. Амьдрала гэж үнэхээр олон өнгөтэй өдрүүдээр үргэлжилсээр байх юм даа…
Recent Comments