Саяхан нүүр номон дээрээс Японд сурч амьдсарсан хүмүүс тэндээс юу сурдаг тухай уншлаа. Их зүйл бодогдуулсан сайхан бичлэг байсан. Бас Япончууд гээж ямар хүмүүс болох талаар ч багаахан мэдээд авсан.
Тэгээд би ер нь германд байхдаа юу сурч авсан юм бэ? Үүнтэй ижил зүйл юу байна хэмээн бодлоо.
1. Төлөвлөлт
Энэ бол Германд хамгийн энгийн боловч хамгийн чухал шинж чанар. Улс орны сонгууль хэдийд болох, хичээл хэзээ эхлэх, дуусах, төслийг хэрэгжүүлэх энэ тэр гээд л том зүйлүүдийн төлөвлөлтийг би хэлээгүй байна. Тэнд хүүхдийнхээ төрсөн өдрийг бараг хагас жилийн өмнө төлөвлөнө. 50 ба түүнээс дээш тэмдэглэлт төрсөн өдрийг бол жилийн өмнөөс төлөвлөнө. Хүмүүст урилга илгээгээд жилийн дараа болох төрсөн өдөрт ирэх тухай байх нь эхлээд надад хачин санагдаж байлаа. Тэгээд тэр урилгандаа яг ирэх эсэхээ хариу мэдээлэх хугацаа бас тавьсан байдаг. Энэ нь зөвхөн тэр хүний тэр айлын төлөвлөлттэй холбоотой биш улмаар захиалга өгөх, авах газар, бас унаа тэрэг, тэнд явагдах арга хэмжээ гээд бүх зүйлд шууд нөлөөлдөгийг сүүлд мэдэж авсан. Хар багаас ийм нарийн төлөвлөлттэй байдаг учир их эмх цэгцтэй хүн болон хүмүүждэг санагдсан.
2. Цаг барих.
Энэ бол германчуудын нэрийн хуудас. Айлд уригдсан бол нэг минутын өмнө эсвэл хойно ирэхгүй. Бүр яг цагтаа л хонх дуугарна. Ажлын уулзалтанд бол жаахан өмнө ирээд хүлээж байгаад бас яг цагтаа орно. Хэлэлцүүлэг энэ тэрт хааяа хүмүүс жаахан хоцорч байгаа харагддаг нь ихэнхдээ гадаадууд байдаг. Аливаа зүйл цагтаа л эхэлнэ. Оройтлоо гэхдээ 5-10н минутын л тухай яриа байна. Ямар ч дарга албан тушаалтан байсан хоцрохгүй хоцорлоо гэхэд үйл ажиллагаа явагдаж байдаг ньшудрага санагдсан. Нийтийн унаа дэндүү цагаа барина. Гүйгээд очиход л хамар дээр чинь хаалгаа хаагаад хөдөлнө. Яагаад гэвэл хөдлөх цаг болсон. Галт тэрэг цаг нь болоод хаагдсан бол хөдлөөгүй байхад ч хаалга нээгдэхгүй. Бид 1 удаа ийм маягаар хоцорсон. Их сургамжтай явдал болсон.
3. Хууль мөрдөх.
Германы хууль хүмүүсийнхээ төлөө байдаг нь илт байдаг. Тэнд хэн ч хуулийн бус зүйл хийхгүй. Бүх юм дүрэм журмаараа. Биднийг гэр бүлийн визээ гаргуулахад голчлог үйлчилсэн бүсгүйд нэг чихэр өгөх гэсэн чинь ер аваагүй. Би ажлаа хийсэн. Ийм зүйл авах эрхгүй гэсэн. Энэ чинь ердөө чихэр шүү дээ гэсэн чинь, чихэр ч авч болохгүй. Юу ч авч болохгүй гээд халгаагүй. Тэгээд чихрээ задлаад өгсөн чинь ганцханыг аваад баярлалаа гээд л болсон. Иймд тэнд хээл хахууль лав л бидний мэддэг хэлбэрт байхгүй. Хүн бүр яг оноогдсоноо яг журмын дагуу хийнэ. Ажлын гэрээ гэгчээр бүх зүйл шийдэгдэнэ. Ажлаас халах бол хамгийн багадаа 3-н сарын өмнө ажил олгогч нь мэдэгдэх ёстой. Тэгээд ажлын гэрээ дуусч байгаа хүн хөдөлмөрийн биржэд бүртгүүлнэ. Тэгээд тэндээс л заавал ажил олж өгдөг. Ер нь хүн нэг бүрийг тайван амьдрах тал дээр маш сайн хуульчилж өгсөн санагдсан.
4. Энгийн ард түмэн.
Том гоё хотод нь бол ганган хүмүүс их л байдаг байх. Гэхдээ л хувцаслалт бол маш энгийн. Тэнд албаны л биш бол хослол барагтай өмсөхгүй. Өндөр өсгийт ч ховор талдаа. Алт мөнгөн эдлэл мөн ижил. Оюутан хүн бол бараг тогтсон хувцастай. Жинс, Т шорт гэх буюу подвалка, тэгээд үүргэвч. Ямар ч хувцас өмссөн цэвэрхэн байсан нь анзаарагдсан. Үсийг бол харин элдэв өнгөөр будсан байх нь таардаг. Ажлын буас цагаар бол багш шавь, албан тушаал хамаарахгүй энгийн харилцаатай байдаг санагдсан. Хүнийг өмссөн зүүснээр нь тэнд ялгалгүй ханддаг.
5. Тууштай зан
Герман хүмүүс нөхөрлөлд маш үнэнч. Нэг нөхөд болсон бол насан туршийн байх нь олонтаа. Энэ зан чанар ажил дээр ч ижил байна. Аливааг маш сайн төлөвлөж байж эхэлдэг учир нэгэнт эхэлсэн ажлыг хаях дургүй санагдсан. Хэлсэн үгэндээ хүрдэг зан тэнд бий.
6. Бэлэг ба талархах сэтгэл
Германчууд зул сарын баяраар л хамгийн том бэлгийг ойр дотныхондоо өгнө. Бусдаар азиуд шиг баяр болгоноор бэлэг солилцоод байдаггүй. Төрсөн өдрөөр маш энгийн гэхдээ болбол гар хийцийн бэлэг өгнө. Талархсан сэтгэлийг тэр хүнд цаг зарцуулж илэрхийлнэ. Уузлах цаг, хамт байх цаг гаргаж байнаа гэдэг бол германд хамгийн үнэ цэнэтэй анхааралд тооцогдоно. Нөхөрлөл, хийж байгаа ажлаа чанартай байлгах мэтээр талархсан сэтгэлийг илэрхийлэх нь их.
7. Хүүхдээ асрах
Бидний жаахан байхад Германчууд хүүхдээ 18 хүрэхээр гэрээсээ хөөчихдөг гэж ярьдаг байсан. Бид ч итгэдэг байсан. Гэтэл энэ байдал дээрээ огт эсрэгээрээ байсан. Германчууд үр хүүхэд цөөн гаргах бөгөөд өөрсдийн хүүхдүүддээ маш их анхаарал тавьж, хайр халамжинд умбуулан өсгөж байгаа нь харагдсан. Хүүхдийг барагтай загнахгүй. За ер нь л загнахгүй. Бүх талаар хүүхдээ дэмжихийг хичээдэг. Болж л өгвөл хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Тэдэнтэйгээ их ярьдаг. Иймээс хүүхдүүд багаасаа их өөртөө итгэлтэй бие хүн болон өсдөг санагдсан.
8. Гэрлэлт
Гэрлэлтэнд тэд маш нямбай ханддаг. Өмнө би тэднийг хууль сайн мөрддөг ард түмэн гэж бичсэн дээ. Албан ёсоор гэрлэбэл сална гэдэг тийм ч амар бас сайхан зүйл биш гэдгийг бүгд сайн ойлгодог. Иймээс зарим гэр бүлүүд хүүхэдтэй хирнээ баталгаагүй амьдардаг туршлага ч байсан. Хайртай хэдий ч нэг гэрт бүх юмаа хуваагаад хамт байж чадах эсэх талаар ил тод ярилцаж хамтдаа шийд гаргадаг. Гэрлэлтийн баталгааг хайрын гэрч болгодоггүй. Гэрлэлт бол Хариуцлага гэдэг үүднээс ханддаг. Хуулийн өмнө очиж байж салах учир үүрд хамт байх, сайн мууг хамт туулахдаа бэлэн эсэхдээ баттай итгэж байж гэрлэдэг санагдсан.
9. Бие даан сурах
Герман сургалтын систем маш энгийн. Бүх мэдээлэл нээлттэй бөгөөд сурах эсэх таны дурын хэрэг. Та хүсвэл шалгалтан дээрээ ирээд би өнөөдөр өгч чадахгүй нээ дараа өгье гэж хэлэх эрхтэй байх жишээтэй. Шалгалтууд хатуу хяналтан дор авагддаг. Дүн маш хатуу. Иймд өөртөө итгэлгүй бол орж унасанаас 1 удаа хойшлох боломжийг өгдөг гэсэн. Даалгавар тодорхой тэгээд оюутан өөрөө л юмаа хийнэ. Сурна. Энэ хэлбэрийг бүр бага сургуулиас нь суулгадаг юм билээ. Иймээс бие даан суралцах өндөр чадвартай байдаг.
Recent Comments