Эрдмийн дээд эрдэм юу вэ?

Удахгүй тавь хүрэх нь. Гэтэл би сурсаар л явна…
Олон хүмүүс надаас “сурч дуусаагүй л байна уу?” гэж олон өнгөөр асуудаг. Зарим нь үнэхээр гайхсан өнгөөр сонирхож асууж байхад нөгөө хэсэг хүмүүс нь тавласан тохуурхсан өнгөөр, өөр нэг хэсэг хүмүүс нь учрыг эс олсон байдалтай үл итгэсэн маягаар асуудаг. Асуулт бүрт өнгөөс нь хамаарч аль болох таарсан хариу өгөхийг хичээдэг. Гэхдээ л хариулах амаргүй байдаг.
Хүмүүс тэгэж асуухаар би өөрийгөө СУРАЛЦСААР байгаагаа мэдэрдэг юм. Бусад цагт бол сурах гэдэг миний өдөр тутам хийдэг, цаг бүрт хийдэг байнгын зүйл мэт байдагт тэгдэг байх.
Сурна гэхээр хүмүүс албан сургалт буюу тодорхой цагийн хичээл үзээд түүнийгээ батлах цаас авахыг ойлгоод байх шиг байгаа юм. Миний хувьд бол сурна гэсэн ойлголт үүнээс арай өөр. Сурна гэдэг миний хувьд амьд байгаагийн минь илрэл, амьдарч байгаагийн минь баталгаа, амьдралаа урагшуулах дэм болж байдаг. Угаасаа зүгээр сууж цагийг нөхцөөж сураагүйдээ баярладаг. Бодвол ээж аавын зөв сайхан хүмүүжил тэр байх. Бодоод байхад манай аав ээж 2 угаасаа өөрсдөө ч зүгээр суудаггүй хүмүүс байсан. Аав минь жолооч байсан. Дээр үеийн жолооч нарын ажил чанга шүү дээ. Гэхдээ л аав гэртээ байхдаа амарч байна гээд орон дээрээ хэвтээд байдаггүй байсан. Ер нь ч аав ээж 2 өдөрт огт хэвтдэггүй байсан даа… Орны урдуур утас татчихна. Өдөрт орон дээр хэвтэх гэдэг ойлголт ер бидэнд байгаагүй юм байна. Өвчтэй хүн л оронд хэвтдэг гэж ойлгодог, хэвтчихсэн байвал өвдсөн гэж ойлгох жишээтэй.
За нэг мэдсэн гол сэдвээсээ хазайсан байна. Эргээд сурах тухай сэдэв рүүгээ оръё.
Одоо би гадаадын сургуульд компьютерийн хичээл англи хэл дээр зааж байна. Гэтэл надад англи хэлний олон улсын шалгалтын оноо байхгүй шүү. Угаасаа би курсээр ч хэл сураагүй. Нөгөө л сурах арга барилаа хэрэгжүүлээд бага багаар, өдөр бүр мэрсээр байгаад ийм хэмжээнд хүрсэн. Онгирч энийг жишээ татаагүй шүү. Бурхан минь. Хичээл зүтгэл, хүсэл байвал хэлийг сурдаг юмаа л гэж хэлж байгаа нь энэ.
Өнөөдөр энийг бичих болсон гол шалтгаан буюу миний бодлоор эрдмийн дээд эрдэм бол ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОЖ СУРАХ, ӨӨРИЙГӨӨ УДИРДАЖ СУРАХ л юм байна гэж хэлэх гэсэн юм. Энийг л чадвал бусад нь ёстой чиний гарт юм байна шүү, нөхөөд.
Би их шантруу хүн. Гэтэл хүмүүс намайг их эрчтэй өөдрөг гэж хардаг. Миний ганц чаддаг юм ЧИ ШАНТАРЧ БОЛОХГҮЙ ЭЭ гэж өөртөө хэлж чаддагт л байдаг бололтой. Одоогоор би энийг цаг тутамд өөртөө хэлээд л сураад л сууж байна даа…
Энэ хүртэл уншсаныг бодоход та миний блогийн жинхэнэ ЭЗЭН нь бололтой. Бас өөрийнхөө хүчээр өөрөө сайхан амьдрахыг хичээдэг нэгэн бололтой. Тэгэхээр танд зөвлөхөд… өөрийгөө ойлгож сураарай, өрөөл бусдаас юу ч битгий хүлээгээрэй. Өөрийгөө захирч сураарай, өрөөл бусдад юу ч хэлээд нэмэргүй шүү… 🙂 Эхлээд оролд, эхлээд өөрийгөө захир. Бусад бүх зүйл аяандаа бүтнэ, болно.
ЗА АМЖИЛТ ХҮСЬЕ.

5 comments to Эрдмийн дээд эрдэм юу вэ?

  • Erdenetuya

    Юутай үнэн бичээ вэ та минь. Зориглон хийж чадахгүй байгаа зүйлд минь ташуур өгөх шиг л боллоо. Баярлалаа.

    • SGK

      Блогоор минь зочилж сэтгэгдэлээ хуваалцсанд баярлалаа. Эрдмийн зам мөр нь гэгээтэй, бүтэмжтэй байх ерөөлийг өргөе.

  • B

    …Энэ хүртэл уншсаныг бодоход та миний блогийн жинхэнэ ЭЗЭН нь бололтой
    – тиймээ, баярлалаа

    Үнэнч эзнээс нь…

  • Отгонтуяа

    Үргэлж сурч, сурсан эрдэмээ бусдад сургаж байдаг багш таны сургааль үргэлж үнэ цэнэтэй, яг л хэрэгтэй үедээ цагаа олсон байдаг.
    би маш их шантардаг, бүр шалтаг хайж байгаад л шантрана шүү дээ.
    <>энийг яаж сурах вэ? багшаа…

    • SGK

      <>энийг яаж сурах вэ?
      энэ асуултыг ойлгосонгүй. Ойлговол хариулъя.
      Шантрахгүйн тулд өөрийгөө захирч сурах хэрэгтэй санагддаг. Чи шантарвал тэгээд хэн хийх вэ? чи шантраад юу хожих вэ? чи шантраад хаана хүрэх вэ? Шантраад л байх уу? Бүх хүн ингээд шантраад байвал хорвоо яах вэ? гэх мэтээ зүсэн зүйлийн өнгөөр бодно шүү дээ. Тэгээд л ҮГҮЙ ЭЭ ШАНТАРЧ БОЛОХГҮЙ. ХҮН ХИЙСЭН ЮМ БИ Ч БАС ХҮН. ХИЙХ Л ЁСТОЙ гэж өөртөө хэлнэ дээ.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>