Өчигдөр нэгэн нэвтрүүлэг үзлээ. Нэр нь Багачуул ба Томчуул. Хүүхдүүд өөрсдийн сонирхдог зүйл эсвэл хамгийн сайн чаддаг гэсэн зүйлээрээ Герман, Европ цаашлаад Дэлхийд алдартай хүмүүстэй мөрий тавин өрсөлддөг юм байна. Жишээлбэл, “Би хөнгөн онгоцыг Дэлхийн аварга Тэрнээс ч (халз тулаанд дуудах хүнээ нэрлэнэ) илүү сайн удирдана” гэх мэтээр өөрийгөө тодорхойлон бичээд нэвтрүүлэгт захидал илгээдэг аж. Тэгээд нэвтрүүлгийн баг гэрт нь очиж судлаад уг хүүхдийг нэвтрүүлэгт сонгон оролцуулдаг байна. Хамгийн онцлог нь тэр нэрлэсэн алдартай хүнийг нь нэвтрүүлэгт оролцуулж ХАЛЗ ТУЛААН хийлгэдэг ажээ.
Тулаанд дуудагдсан 4-н хүн студид сууж байх бөгөөд тэдгээр хүмүүс халз тулаан бүр дээр мөрий тавьж байлаа. Бага нь ялах уу? Том нь ялах уу? гэж мөрийцөх аж. Хамгийн олон зөв таасан нь түрүүлж 30 000 000 евроны эзэн болно. Мөнгийг өөртөө авахгүй харин тэр мөнгийг хаашаа юунд, ямар хүүхдийн байгууллагат зарцуулахыг шийддэг юм байна.
Доорх тулаанууд боллоо.
1. Модон бандан сандал дээр газар хөл гараа хүргэхгүйгээр бүтэн эргэх тулаан. Энэ тулааныг 9-н настай хүү бодож олсон бөгөөд тулаандаа алдартай дуучин эмэгтэйг дуудсан байв. Эхлээд хүү 1 минутанд 37 эргэж амжсан. Харин дуучин бүсгүй 21 эргэсэн. Харахад ч хийхэд ч амаргүй эд байна лээ.
2. 11-н настай ширээний теннис тоглодог охин Дэлхийн аваргатай ч тулж чадна гэж Дэлхийн 2 удаагийн аваргыг тулаанд дуудсан байлаа. Тэд 1 минутын дотор маш нарийхан зурвас дээр бөмбөг алдахгүй харилцах даалгавар авсан. Хамгийн олон харилцаж чадсан нь ялах байв. Охин 47 хийсэн бол дэлхийн аварга 40 хийсэн.
3. 10. настай охин хөнгөн дарвуулт завийг чадварлаг удирддаг бөгөөд хөлөг онгоцон дээр хэрэглэгддэг зангилаануудыг уралдан зангидах тулаан санаачилсан байв. Тулаанд алдарт хошин шогийн жүжигчин дуудсан байлаа. 1 минутын хугацаанд өгөгдсөн зангилааг ямар зангилаа болохыг таньж нэрлээд дараа нь тэр зангилаагаа өөрөө зангидах ёстой. Даалгаврыг нүдээ боож байгаад хийсэн. 10 гаран төрлийн зангилаанаас охин 7-г нэрлэн зангидаж чадсан. Харин жүжигчин маань 2 алдаж нэрлэсэн бөгөөд 5-г л зангидаж амжсан.
4. 9-н настай хүү хөнгөн онгоцны уран жолоодлогыг сонирхдог бөгөөд Дэлхийн аваргатай өрсөлдөж чадна хэмээн ам гарч байна. Дэлхийн аварга залуу халз тулаанд дуудагдан ирсэн байлаа. 5-н төрлийн саадыг даваж элдэв уран нислэг хийсний дараа агаарт өлгөсөн байгаа бөмбөлөгийг хагалан барианд орох даалгавар өгсөн. Тус бүр 3-н удаа нисч хамгийн бага хугацаа зарцуулсан нь түрүүлнэ. Эхний удаа хүү 37,3 секундэнд даалгавраа амжуулав. Дэлхийн аварга 24,1 секундэнд даалгавраа хийж дуусгасан. 2 дахь удаа хүү 25,4 секунд болгож амжилтаа ахиулсан. Дэлхийн аварга 19,1 болгож бас л амжилтаа ахиулсан юм. 3 дахь хариуцлагатай нислэг дээр хүү олон давхар цагирагаар доороос дээш нисч байгаад алдаа гаргаж онгоцоо унагааснаар ялагдсан.
5. 12-н настай хүү трактор сонирхдог байна. Тэрээр чөлөөт цагаараа тракторын засварын газарт дадлага хийж тусалдаг өөрийгөө ямар ч тракторыг дуугаар нь таньж, хүчин чадал төрөл маркийг нь хэлж чадна хэмээн халз тулаанд трактор сонирхдог алдартай тогоочийг дуудсан байлаа. Өрөөнд нь компьютер байхгүй байгааг гайхан сэтгүүлч асуухад надад компьютерт зарцуулах цаг байхгүй, би сонирхдоггүй хэмээн хариулсан. Хүүг студид өөрийн жижиг трактороо жолоодсоор орж ирсэн. За тэгээд трактор дээр нь суулгаж аваад студийн гадаа байрлуулсан олон трактор руу аваад явлаа. Тэгэж авч явахдаа л нүдийг нь боосон. Аваачаад 2 ууланг нь суулгаж байгаад тойрч зогссон тракторуудыг ээлж дараалан асааж тэр 2 дуугаар нь тракторыг ямар хүчин чадалтай ямар төрлийнх болохыг нэрлэх ёстой болов. Хүү 4-с 3-г амжилттай нэрлэсэн бол өрсөлдөгч нь ердөө ганцханыг нэрлэсэн.
6. 9-н настай хүү хиймэл дагуулаас авсан зургаар нь тухайн хот аль улсын ямар хот болохыг нэрлэж чадна хэмээн тулаанд алдарт дуучинг дуудсан байв. Нийт 4-н хотоос жаал хүү нэгийг ч алдалгүй нэрлэсэн бөгөөд дэргэдэх хүнийхээ алдаж нэрлэж байгааг ч зөв нэрлэж байсан. Өрсөлдөгч нь ердөө ганцхан хотыг л зөв нэрлэсэн.
7. Дунд сургуулийн 50н сурагч, Цагдаагийн сургуулийн 50-н сонсогчидтой дээс үсрэхээр халз тулаанд дуудсан байлаа. 8-11н насны хөөрхөн хүүхдүүд шар подвалкаар жигдрээд баяр хөөртэй студид орж ирсэн бол хөх өнгийн дүрэмт хувцасаар жигдэрсэн цагдаагийн сургуулийн цоглог хөвгүүд охидууд жигд хөнгөн гүйсээр студид орж ирсэн. 2 минутанд сурагчид 37 үсэрсэн бол ирээдүйн цагдаа нар 48 үсэрч ялалт байгуулсан.
8. 12той жаалхүү хөл бөмбөгт сонирхолтой бөгөөд хойшоо эргэж харахгүйгээр ар талаараа шатаар дээшээ өгсөнгөө бөмбөгөө алдахгүй өшиглөсөөр байх болно хэмээн мөрийцсөн байлаа. 30-н шат доороосоо дээшээ нарийссан байрлалтай байсан бөгөөд хүү ар нуруугаараа харж зогсоод дээшээ бөмбөгтэйгээ өгсөх даалгавар авсан. Алдалгүй бас зогсолгүй хийсэн тохиолдолд ялна. Хүү хийж чадсан.
9. Хамгийн сонирхолтой тулаан энэ байв. 10-н настай охин цээжээр тоо бодохдоо гаргуун бөгөөд 2 шинжлэх ухаанаар Доктор хамгаалсан, цээж тооны дэлхийн аваргыг халз тулаанд дуудсан байлаа. 8х8 хэмжээтэй хоосон квадратад өгөгдсөн тоогоор шидэт квадрат үүсгэх тоонуудыг хамгийн бага хугацаанд цээжээрээ байршуулсан нь ялах байв. Шидэт тоог санамсаргүй байдлаар тодруулж 997 гэсэн тоо гарч ирсэн. Охин эхлээд хийсэн бөгөөд 34,8 секундэнд шидэт квадратын тоонуудыг байршуулсан. Харин хос доктор цолтой аварга маань 23,7 секундэнд байршуулж ялсан. Тоонууд хэвтээгээр, босоогоор болон 2 диагнолоор нийлбэр ямагт 997 гарах ёстой тийм тоонууд.
Ажиглалт ба дүгнэлт: Герман хүүхдүүдэд сонирхолоо таньж мэдэх өргөн боломжийг гэр бүл нь ч, сургууль нь ч, улс орон нь ч сайтар олгодог санагдлаа. Багаасаа ямар нэгэн зүйлд онцгой татагдан дурлах нь цагийг зөв зохистой өнгөрөөх, алсдаа мэргэжлээ зөв сонгох, дуртай мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах эх суурийг тавьж өгөх нь лавтай.
3-н цаг гаран үргэлжилсэн энэ нэвтрүүлэгт 500 гаран хүний суудалтай том студи зориулагдсан байх агаад бүхий л үйл ажиллагаа нь бодитоор явагдаж байсан нь сонирхолтой байв. Төрөл бүрийн салбарын олонд танигдсан нэр хүнд бүхий хүмүүс, дунд сургуулийн сурагчидтай халз тулан уралдаж, хөгжилдөж байгаа нь хүүхдүүдэд ийм алдарай, нэрд гарсан хүмүүс ч гэсэн энгийн нэгэн хэвээрээ байж болдог гэдгийг харуулж байх шиг. Дэлхийн аваргууд хүүхдүүдийн урилгыг хүлээн аваад өөрийн биеэр халз тулаанд орж байгаа нь ч хүүхдүүд чи ирээдүйд ийм аварга болж болно гэсэн санааг өгөөд байна уу даа гэж бодогдсон.
Зул сар болж байгаатай холбоотойгоор хүүхэд бүрт маш онцгой сайхан бэлгийг нэвтрүүлгийн зүгээс өгч байсан нь бас л сайхан байсан. Төгсгөлд нь мөрийнд тавигдсан 30 000 000 евро дахиад хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулагддаг гэхээр энэ нэвтрүүлэг надад улам их таалагдсан.
Манай сэтгүүлчид энэнээс санаа аваад хүүхдийн баяраар ийм нэвтрүүлэг хийвэл сайхан байх гэж бодсон шүү.
Recent Comments