Амьдралд юу чухал вэ?

Та энэ асуултыг өөрөөсөө асууж л байсан байх даа? Хариулт нь юу байсан бол? Хуваалцаж бичээрэй. Маш их талархах болно.
Миний хувьд энэ асуултыг бараг өдөр бүр л өөрөөсөө асуудаг даа… Бид өдөр бүр их бага хэмжээний ШИЙДВЭР гаргаж байдаг. Тэдгээр чухал биш юм шиг шийдвэрүүд нэгдэн бидний амьдралд том нөлөө үзүүлж байдаг гэж би хувьдаа боддог юм. Ийм учраас болж өгвөл өөртөө өглөөд АМЬДРАЛД ЮУ ЧУХАЛ болохыг сануулахыг хичээдэг. Яагаад гэхээр юу чухал гэдгээ мартаагүй байгаа цагт аливаа шийдвэрийг тэр чухал зүйлээ бодолцоод гаргаад байх шиг санагддаг юм.
Амьдралд чухал олон юм бий. Хамгийн түрүүнд эрүүл мэнд гэдгийг оройхон л мэдэрч байгаа. Гэхдээ энэ шугамыг нэгдүгээрт тавьдаг болсон минь насны тоо нэмэгдээд байгаатай холбоотой байх. Бас нэг чухал зүйл бол өөрийн үзэл бодол, зорилго юм. Өөртөө үнэнч байвал бусдад үнэнч байж чадна гэж би боддог. Өөрийн амьдралыг хүндэлдэг хүн бусдын ч амьдралыг хүндэлнэ. Өөрийн гэр бүлийг тэргүүнд тавьдаг бол бусдын гэр бүлийг мөн л хүндэтгэн үзнэ. Товчоор хэлэхэд би тэгш эрх, шудрага байдлыг эрхэм болгодог. Худал хуурмаг байдал, хувиа хичээсэн үзэл надад огт байхгүй. Тийм зүйлээс хол өсч хүмүүжсэндээ эцэг эхдээ маш их талархаж явдаг даа. Нэгэнт өөрт байхгүй зүйл болохоор бусад хүний ийм занг бас олж харахдаа тааруу. Тэгээд заримдаа хүмүүсээр чадуулаад тэрэндээ гомдоод байдаг юм. Одоо харин тэр байдлыг эрс өөрчлөх хэрэгтэй гэж өөртэйгөө ярилцаж байгаа.
Гэр бүл маш чухал. Тэднийхээ төлөө хайртай хүмүүсийнхээ төлөө амьдрах урамтай. Хайрт ханиа бодоход сэтгэл сэргэж, алаг үрсээ харахаар хүч ордог. Сайхан андууд баяр баясгалан бэлэглэдэг. Сэтгэлийн амьтан болох ХҮН бидэнд хамгийн их эрчим хүчийг хүн л өгч чадна. Тэр хүмүүс маань бидний хайртай хүмүүс. Тэднийхээ төлөө амьдрах тэдэнтэйгээ байх хамгийн сайхан шүү.
Олон чухал зүйл амьдралд байдгийн хамгийн чухлыг би ӨӨРӨӨРӨӨ байх өрөөл бусдыг ӨӨРӨӨР нь хүлээж авах гэж ойлгодог. Намайг ийм байлгаж чаддаг ханьдаа, намайг тиймээр минь хүлээн авч дэмжиж тусалдаг найз нөхөд, багш нар, шавь нар, ах дүүстээ, энэ хорвоо дээр амьдран байгаа намайг таньдаг бүх хүмүүстээ баярлалаа.
Амьд байх, амьдрах сайхан шүү.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>