Архитектор гэхээр л бидний толгойд Барилгын талын хүний тухай бодол орж ирдэг. Тийм ээ, анх энэ үг ихэнхдээ барилгын зураг төслийн инженерүүдийг л нэрлэдэг хэллэг гэж ойлгогдож байлаа. Гэтэл орчин үеийн олон төрлийн инженерүүдийн боловсролд Компьютерийн архитекторын хичээлийг анхан шатнаас нь эхлүүлээд ахьсан шат хүртэл нь ордог болжээ.
Германы сургуульд энэ хичээлийг зааж байгаагийн хувьд сүүлийн үед энэ чиглэлээр чамгүй уншиж мөрдөж байна. Олж мэдсэнээ хуваалцах гэсиймаа.
Барилгын архитекторч хүн тухайн барилгыг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангасан байхаас гадна гадаад дотоод үзэмж, чанар, үнэ өртөгийн талаар хүртэл бодолцож ирээдүйд баригдах барилгын зураг төслийг нарийн нямбай гаргадаг. Орчин үед зургийн ажлыг олон төрлийн програмын тусламжтайгаар 2 болон 3-н хэмжээсээр ч үзүүлдэг болжээ.
Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангасан, шинэлэг шийдэлтэй, өртөг мөнгийг бодолцсон байх зэргээрээ компьютерийн архитекторч инженерийн даалгавар ижил төсөөтэй. Том ялгаа нь барилгын архитекторын бүтээл ихэнхдээ нэг л хувь хийгддэг бол компьютерийн архитекторын шийдэл олон төрлийн компьютерт тусгагдаж маш олон хувиар хийгддэг.
Яагаад энэ хичээл орчин үеийн цахилгаан, электроник, компьютерийн инженерүүдийн заавал үзэх хичээл болсон бэ? гэвэл орчин үеийн компьютерүүд улам бүр жижгэрч, хүчин чадал нь нэмэгдсээр байгаагийн зэрэгцээ хүн төрөлхтөний өдөр тутмын хэрэгцээний бүх төрлийн хэрэгсэлд нэвтрэн орж байгаад оршино. Энийг уншиж байгаа залуу хүн таныг эрийн цээнд хүрч идэр насанд очихын үед компьютерийн чип таны хувцсанд тэр бүү хэл таны арьсан дор байрших магад шүү.
Ийм л учраас компьютерийн архитектур тэр тусмаа Микропроцессорын архитектурийн талаар олон төрлийн инженерүүд заавал судлах хэрэгтэй болж байна.
Энэ салбарт хөгжлийн өргөн фронт байна гэж би харж байна. Хэрэв та компьютерийн хүн болоод одоохондоо судалгааны нарийн чиглэлээ тодорхойлоогүй бол энэ салбарыг барьж авахад лав алдахгүй. Та микропроцессорын бүтээмжийг сайжруулах нэг алгоритмыг бий болгоходд саятан болж нэр алдар чинь насан турш цуурайтах боломж байна. Сайжруулалт тогтмол хийх шаардлагатай байдгаараа энэ чиглэл маш өвөрмөц. Болчихсон, одоо хийх юмгүй гэх ойлголт энд алга. Муурын хуулийн дагуу 18 сар тутам нэг бичил схем дээр байрлах хагас дамжуулагчийн тоо 2 дахин нэмэгдсээр байна. Гэтэл процессорын өөрийнх нь болоод санах ойн хурд энэ хөгжлийг гүйцэхгүй байгаа нь Компьютерийн ухааны инженерүүдийн тархийг гашилгасан бодлого болсон хэвээр байна.
Олон цөмт процессорын загварыг бий болгон ашиглаж байгаа ч командууд хоорондын хамааралуудаас болж тэдгээр процессоруудын онолын хүчин чадлыг бодитоор ашиглаж чадахгүй л байна. Хэрхэн бага хугацаанд их тооцоо хийх вэ? тэгэнгээ яаж бага эрчим хүч зарцуулах вэ? гэдэг асуудал хариултгүй хэвээр байна. Динамик болон статик хүчдэлийг хэрхэн бууруулах вэ? Батерейний насыг яавал уртасгах вэ? Хөрвүүлэгчийг хэрхэн улам ухаалаг оновчтой болгох вэ? ийм олон асуултууд нээлттэй хэвээр байна.
Сонирхолтой нөөц бололцоо ихтэй талбар бол Компьютерийн архитектур байна шүү. Хийх зүйл их байна гэдэг үг яг энд л таарахаар байна даа, залуусаа…
Recent Comments