Эх орноосоо тээж ирсэн бодрол

Эргээд ирлээ би Кемницдээ… Эгээ хаашаа ч яваагүй мэт хамгийн сайн туслагч минь болох компьютерийн товчлуурыг товшин сууна, би. Бүхэл бүтэн 4-н долоо хоног дөрвөн өдөр мэт нисэн өнгөрчээ.
Онгоцны буудал дээрээс авсан Г.Аюурзана зохиолчийн “Сахиуст хангайн нууц” романыг Франкфуртээс Лайбцэг ирэх замд уншиж дуусгалаа. Хурдан галт тэрэгний том цонхны цаана жирэлзэн өнгөрөх тариалангийн талбай, ногоон моднуудыг ширтэнхэн, дөнгөж уншиж дууссан зохиолын шимтэй үгсийг нэхэн санахын сацуу өнгөрсөн өдрүүдийг дүгнэн бодсоноо энд сийрүүлмээр санагдав.
Хориодхон хоногт би нэлээдгүй олон хүмүүстэй албан болоод амин уулзжээ.
Хамгийн дурсамжтай сайхан байсан нь Хайрт хүүгийн минь төрсөн өдрөөр ах дүү 60-уулаа цугласан үйл явдал байв. Нэгэн насанд нэг л удаа ах дүүс болно гэж аав минь их захьдаг байсны улмаас би аль болох 2 талын ах дүүстэй ойр байх гэж хичээсээр ирсэн сэн. Нээрэн л бужигнан цуглах ах дүүсийн баясгалантай царайг харж суухад аавын хэлсэн үгний учир улам тодрох мэт байсаан.
Оюутны ширээнд тохой залган суусан анд минь 76-н нэг болсон чиг яг л цагтаа нэг ч хором хоцролгүй ирж уулзсан тэр уулзалт бас л сэтгэл хөдлөм байв. Хэзээд өөрийнхөөрөө, хэлсэндээ байдаг, хувирч өөрчлөгдөхгүй тийм хүн 76 дотор байна гэж мэдрэх, улс төрийн итгэл үнэмшлийг минь дээшлүүлсэн уулзалт болсон.
Төгсөгчид нартаа нээлттэй зарласан лекцэнд минь хамгийн завгүй шавь нар минь инээмсэглэсээр, цэцэг тэврэн ирж бүтэн 2 цаг ярилцан суусан нь надад их урам өгсөн. “Хөгжлийн гарц-КТ төгсөгчид” нэртэй энэ лекцээ бид тогтмолжуулж улмаар олон талаар хамтрах өчнөөн санааг уралдуулсан тэр өдөр таатай байлаа.
Ганцхан оюутан эхэлж байсан зуны сургалт маань өргөжиж байгаа тухай мэдээ хүргэхээр зарласан семинарт маань 14-хөн хоногоор эх орондоо ирээд байсан НЭТИ-ийн төгсөгч ажилсаг бүсгүй зорьсоор ирсэн нь бас л надад их урам хайрлав. Цагтаа эхлээд цагтаа дууссан богинохон уулзалт их олон зүйлийг ойлгуулсан сайхан уулзалт байлаа.
Орос сургуулийн Хүндэт Доктор болсонд минь ШУТИС, ЭХС-ийн удирдлагууд маань баяр хүргэж сургуулийн маань 2 том Академичийг цол гардах үйл ажиллагаанд явуулна гэсэн мэдээ намайг маш ихээр баярлуулж бас айлгасан. Би хэн болоод хэн миний баярыг хуваалцах гэж ийм хүндтэй Эрхэмүүд тийм хол зорино вэ? Би энэ их хүндлэлийг яаж хариулах вэ? ийм л бодол толгойд харван орж ирсэн. Маш их баяртай байгаа бөгөөд тэр үл мартагдах өдрийг тэсэн ядан хүлээнэм.
Хүмүүс ингээд бичихээр яасан онгироо юм, даруу биш байна гэх магад. Бид мэт номын улсууд дуугүй суусаар багш нар, судлаач хүмүүсийн тухай ойлголт нийгэмд улам бүр андуу ташаа болсоор байна. Хэт материаллаг нийгэм рүү улам бүр хурдан алхаж байгаа залуучуудыг хараад би цаашдаа дуугүй байж болохгүйг ойлгоод ирлээ. Иймд багш нар, судлаачид юу хийж, хаа хүрч, юу бүтээж болдогийг мөхөс би өөрийн өчүүхэн туршлагаар нээлттэй харуулахыг хүсч байна. Энэ бол миний эх орондоо, нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр гэж би ойлгоном.
Гараараа ямар нэг зүйл хийж байгаа хүмүүсийг Баялаг бүтээгч гэж цоллочихоод багш, судлаач, эмч нарыг байлаг бүтээгчид биш гэх нь л халаг байх болж. Багшийн ажил онцгой ажил. Хамгийн энгийнээр бодоход хүн бүр бичиг үсэг тайлагдсан байх ёстой. Тэр ажлыг хэн хийх билээ? Багш нар. Тэр гараараа хийгээд байгаа зүйлийг хэн нэг нь бас л зааж өгөх ёстой. Эхлэлийг хэн тавих вэ? Багш нар. Улс орны толгойд ямар хүмүүс гарч байна? Жинхэнэ өөрөө сурсан, толгойд нь бодол байдаг, боловсролтой улсууд тэнд улам бүр багасчээ. Иймээс л эх орон маань хөгжиж дэвших биш улам бүр ухарч хойшлоод байх шиг. Толгойдоо бодолтой, өөртөө хариуцлага үүрч чаддаг хүмүүс хэзээ ч богино хугацааны хэдхэн зоосны төлөө эх орноо худалдахгүй. Энэ ойлголт хаанаас бий болох ёстой вэ? БОЛОВСРОЛООС… Цэцэрлэгээс эхлүүлээд, дээд сургууль хүртэл бид зөв бодлоготой байж л энэ бүгдийг ойлгоно. Гэрийн хүмүүжил асар өндөр хөгжсөн байсан Нүүдэлчин соёлтой Монголчууд суурин амьдралд хэт богино хугацаанд шилжсэнээс болж хэтэрхий материаллаг болчихожээ… Иймээс л бид ууж идэх хоолны ширээ, унтаж хэвтэх ор дэр, орон байрны хэмжээ, унаж явдаг унааныхаа хэмжээгээр АМЬДРАЛЫГ хардаг болчихож… Гэтэл тийм биш шүү дээ. Хоосон чанарын энэ амьдралд илүү эрхэм илүү нандин зүйлс их шүү дээ. Амьдрал илүү баялаг, илүү агуу шүү дээ.
Алтаа ухаж, нүүрсээ зөөснөөр хөгжиж дэвждэг бол Монгол маань аль эрт хөл дээрээ босох болсон. Энэ бол хөгжлийн ганц гарц биш!!! Монголчууд маш оюунлаг хүмүүс. Тэр төрөлхийн өгөгдөлөө ашиглаж бид тархиараа, оюуны бүтээлээрээ дэлхийд нэрд гарч, Монголын брэнд бүтээгдэхүүн гаргаж оюуны Баялаг бүтээгчид болох боломжтой. Оюунлаг ард түмэн материаллаг хамаарлаасаа гарч Ганцхан амьдрах энэ ахархан насандаа, сэтгэлээр амгалан, итгэлээр дүүрэн, бусдад тусалж, эрдмийг шүтэн түгээж амьдрах боломжтой. Ойн түймрийн эсрэг ард түмэн хэрхэн нэгдэж байгааг бид харсан, ард түмэн хэрэгтэй зүйлдээ өөрсдөө л нягтардагийг мэдэрсэн. Одоо тэгвэл оюун санааны хоосролын Түймрийн эсрэг хамтдаа тэмцэх цаг иржээ.
Чадах бүхнээрээ энэ бодлоо хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнээ. Өөрөө ч сайн явна. Боломжоороо булган сүүллэж хүмүүсийг ч араасаа сайн сайхан руу дагуулна даа…
Сайхаан сайхан. Зүтгэнээ зүтгэнэ.
… Хүсэл зорилгоо биелүүлэх хүч чадал хайрлаач, цаг нөхцөлийг тохируулаач… Бурхан минь. “Сахиуст Хангайн нууц” зохиолоос ишлэв.

1 comment to Эх орноосоо тээж ирсэн бодрол

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>