Ямар нэгэн зүйлийн чанарын тухай асуудал яригдахад үнэлгээний асуудал сөхөгдөж ирдэг. Үнэлгээ хийгдсэн дүгнэлт дээр үндэслэн чанарыг сайн муу хэмээн тодорхойлж эхэлдэг.
Хамгийн энгийн жишээг хамтдаа харцгаая. Сургалтанд шинэ хөтөлбөр, аргачлал нэвтрүүлэхээр болж хэмээн үзье. Тэгвэл тэрхүү шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон зүйлийг систем дараалалтайгаар угтан хийж улмаар хэрэгжүүлэхдээ ихээхэн цаг, хүч, хөрөнгө зарцуулах нь тодорхой. Нэгэнт л хөрөнгө мөнгөний асуудал яригдаж байгаа хойно энэхүү хөрөнгө оруулалт хир үр дүнтэй болов? гэсэн үнэлгээг хийх хэрэгтэй болно.
Үнэлгээг хийх дээрээ тулаад ирэхээр хэн, хэрхэн хийх вэ? гэсэн асуултууд заавал тавигдах ёстой. Үнэлгээг бодитоор хийж үр дүнг нь ашиглахын тулд үнэлгээ хийх үйл явц, дүгнэх арга аргачлал бүгд үнэлгээнд хамрагдаж байгаа бүх талуудад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Үгүй бол үнэлгээг асар их хөрөнгөөр хийгээд үр дүнг нь юунд ч ашиглахгүй орхих болно. Энэ бол цаг, мөнгийг дэмий үрж байгаа алхам болж таарна.
Өөрөөр хэлбэл үнэлгээ гэдэг нь маш нийлмэл, хэцүү процесс юм. Тийм ч учраас дэлхийн олон эрдэмтэн судлаачид энэ чиглэлээр бүтээл туурвиж, төрөл бүрийн онол, аргачлал боловсруулан хэрэгжүүлж байна. Амжилттай сайн болсон онолууд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж үнэлгээний тогтсон стандарт болон түгээгдэж тэр байтугай зөвхөн үнэлгээгээр мэргэшсэн институт байгууллагууд бий болж үнэлгээг асар өндөр төлбөртэйгээр хийж байна.
Үүний нэг тод жишээ бол Магадлан итгэмжлэл юм. Боловсролын байгууллагуудад байдаг магадлан итгэмжлэл нь үнэлгээний нэгэн төрөл бөгөөд онолын үндэслэлтэй тогтсон аргачлалаар үнэлгээг хийхдээ үнэлүүлж байгаа байгууллагаас асар өндөр төлбөр авдаг, төлбөрт үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа юм.
Бид яагаад заавал гадны байгууллагаар үнэлүүлэх ёстой вэ? Тэд яг ямар аргачлалаар хэрхэн үнэлгээг хийж байна? Тэр аргачлал нь манай байгууллагат таарч байна уу? Бидэнд тэр үнэлгээ юуг өгөх вэ? гэх мэтээр шийдвэр гаргах түвшний хүмүүс үнэлгээ, магадлан итгэмжлэлд ултай хандах хэрэгтэй юм.
Дараагийн өгүүлэлдээ үнэлгээг төлбөртэй хийдэг байгууллагуудын аргачлалын талаар цуврал болгон өгүүлэх болно.
Recent Comments