Аян замын тэмдэглэл – Амман хот, Иордан улс

Capital city of Jordan

Иордан улсын нийслэл хот Амман. Иордан улсын нийт хүн ам 11,375,791 байдагаас 2 253 000 нь нийслэлдээ амьдардаг гэж эх сурвалжууд хэлж байна.

Визэнд 229 евро төлж ирээд онгоцны буудал дээр Монгол пасспорт ховор хардаг бололтой нэлээн удаан шалгасан. Дан эрчүүл ажиллаж тэдгээр нь ширүүн харцтай чанга дуутай байсан нь өөр бусад орны хил давахаас нэлээн ялгаатай санагдаж нэг тийм түгшүүртэй газар ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.

Нэг еврог 0,75 Иордан динараар сольсон. Ихэнх оронд еврог солиход нэлээдгүй мөнгө гар дээрээ авдаг байсан бол энд бараг анх удаагаа өгсөнөөсөө багыг авсан нь тухайн орныг бас илүү сонирхох сэдээлт болсон.

Эмэгтэйчүүд нь алчуураар толгойгоо боосон нь давамгай боловч учиргүй нүүрээ хаадаггүй юм байна. Их сургуулийн багш нар нь эр эмгүй ганган дэгжин хувцасладаг ажиглагдсан. Бидний очсон Иорданы Их Сургууль 1962 онд байгуулагдсан 53 000 гаруй оюутантай хамгийн том улсын сургуульд тооцогддог аж. Их сургуулийн багш нар нь англи хэл сайтай голцуу гадаадад цол хамгаалаад эргэж ирж ажилласан байх юм.

Араб кофе гээд өмөрмөц үнэртэй сонирхолтой амттай кофег үдийн хоолны дараа жижигхээн хундага шиг аягаар өгч хоол шингэлтэнд сайн хэмээн магтаж байлаа. Хонины махыг тараганд хийгээд сайтар чанаж будаатай хольж иддэг нь үндэсний хоолны нэг хэлбэр гэнэ. Зээлийн гудмаар явахад хүмүүс нь амгалан тайван санагдаж байсан. Түүх дурсгалт газраараа зуулчидыг татаж чаддаг, өөрсөддөө итгэлтэй хөгжлийн зам дээрээ баттай зогсож байгаа орон гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>