2024 он гараад удаагүй байна. Өнгөрсөн оноо дүгнэнхэн шинэ оныхоо зорилгуудаа босгоод аль эрт эхнээс нь мөрдөж биелүүлээд явж л байна.
Хувь хүний хувьд, гэр орны хувьд бүх зүйл амгалан сайхан бүтэж байгаад баяртай л сууна.
Гэвч эх ороноо бодохоор, эх оронд минь өрнөж байгаа зүйлсийг ажиглахаар тэнд байдал нэг л биш байгааг улам бүр мэдрэх юм. Өмнөх ажлаа сайн хийгээд, өөрийн гэр бүлээ сайн яваад, боломжоороо сурсан мэдсэнээ бусдад түгээгээд, чадлаараа бусдад туслаад байхад эх орондоо оруулж байгаа миний хувь нэмэр тэр гэж санаж явсаар өдий хүрчээ.
Нас 50-г даваад 60 руу алхах тусам би эх орондоо илүү яаж нэмэр болж чадах вэ? гэх бодол улам нэмүү бодогдох болж.
Тэгээд энэ 2024 онд эх орондоо оруулах хувь нэмэрээ өсгөхийн тулд юу хийж чадах тухайд шийд гаргав. Энэ бол өөрийн сайн мэдэж байгаа зүйлсээр бусдад дэм тус болохоо улам эрчимжүүлэх, нийтийн мэдлэг боловсрол, ухамсарыг хөгжүүлэх дээр анхаарах гэж шийдлээ.
Юуны өмнө боловсролын асуудал дээр ХҮН БҮР АНХААРАХ чухал тухайд ярьж бичиж тэмдэглэж байхаар шийдэв. Ядаж сар бүр нэг сэдэв гаргаж тэр сэдвээрээ түлхүү бичиж мэдээлэл түгээж байх нь зөв гэж үзлээ.
Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг бус уу. Тиймээс би өөрийн хуудсаар НИЙТИЙН БОЛОВСРОЛЫГ дэмжих аянг эхлүүлж өөрийн чадахаа хийхээр ажиллах болноо.
Та бүхэн цаг зав гаргаад миний бичиж буй мэдээллийг уншиж зөв гэсэнээ өөртөө гэр бүлдээ эргэн тойрондоо шингээж байх болтугай л гэж ерөөж сууя даа.
Шинэ ондоо хүн бүр эрүүл байж, санасандаа хүрч сайн сайхан амьдрахыг ерөөнөм.
Recent Comments