Үнэлгээ нь үйл ажиллагаа, хөтөлбөр, сургалт зэрэг үнэлгээ хийгдэж байгаа обьектын үнэ цэнийг тодорхойлох, чанарыг хэмжих процесс юм. Үнэлгээний обьект нь сургалт, төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээ аль нь байсан тодорхой арга аргачлалаар, системтэйгээр үнэлгээг мэргэжлийн багаар хийлгэх нь зүйтэй. Үнэлгээний олон төрлүүд бий. Ямар төрлийн мэдээлэл ашиглах эсвэл ямар зорилгоор үнэлгээ хийх гэж байгаагаас хамаараад үнэлгээнүүд тодорхой төрлүүдэд хуваагддаг.
Явцын үнэлгээ
Үйл ажиллагаа дуусаагүй ид явагдаж байхад хийх үнэлгээг ийнхүү нэрлэнэ. Үйл ажиллагаа зөв явагдаж байгаа эсэхийг тодруулах, ямар нэгэн өөрчлөлт шаардлага эсэхийг илрүүлэхэд явцын үнэлгээний гол зорилго чиглэгдэнэ. Жишээлбэл, сургалтын үед багш оюутнаар шинэхэн заасан хичээлийн тухайн товч найруулан бичлэг хийлгэж авч болно. Улмаар багш бичлэгийг уншиж оюутан хичээлийг ойлгосон эсэхийг хянаад шаардлагатай гэж үзвэл хичээлийн тараах материал, ангид ажиллах дасгалд өөрчлөлт оруулж оюутанд мэдлэг дамжуулах аргачлалаа өөрчилж, оюутныг дэмжих алхам хийж болно.
Төгсгөлийн үнэлгээ
Хөтөлбөрийн төгсгөлд ийм үнэлгээг хийнэ. Хөтөлбөрийн үр өгөөжийг хэмжих, хөтөлбөрт цаашдаа ямар нэгэн өөрчлөлт сайжруулалт оруулах шаардлагатай эсэхийг илрүүлэх зорилгоор төгсгөлийн үнэлгээг хийдэг. Жишээлбэл, бизнесийн салбарт үйлчлүүлэгч нараас үйлчилгээний талаар асуулга бөглүүлэн авч цугларсан өгөгдөл дээр ажиллаж болно. Улмаар ажил олгогч тухайн мэдээлэл дээр үндэслэн өөрийн байгууллагын санал болгож байгаа үйлчилгээ нь хэрэглэгчидийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг мэдэж авахаас гадна өөрийн албан хаагч нарыг сургах, сайжруулах шаардлагатай эсэхийг ч тодруулж болно.
Үйл ажиллагааны үнэлгээ
Ямар нэгэн хөтөлбөрийн үйл ажиллагаа хэрхэн явагдсаныг үнэлэх үнэлгээг ийнхүү нэрлэнэ. Тухайн хөтөлбөр нь зорьсон зорилготоо таарч байгаа эсэхийг тодруулахад үйл ажиллагааны буюу процессийн үнэлгээ зориулагддаг. Хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн, хөтөлбөртэй холбоотой үйлчилгээг хэрхэн хүргэсэн зэргийг энэ төрлийн үнэлгээний үед голлон анхаардаг. Тухайн хөтөлбөр яагаад амжилттай эсвэл амжилтгүй болсныг тодруулахад мөн ийм төрлийн үнэлгээг ашигладаг.
Үр нөлөөллийн үнэлгээ
Хэрэгуүүлсэн хөтөлбөр ямар үр нөлөө үзүүлснийг, зорилготоо хүрч үр дүн, өөрчлөлт гарсан эсэхийг хэмжихэд үр нөлөөллийн үнэлгээг ашигладаг. Хөтөлбөрийг хэрэгжих явцын туршид хийгддэг үр нөлөөллийн үнэлгээ нь хөтөлбөрийн эхэнд эсвэл төгсгөлд хийгддэг үнэлгээнээс эрс ялгаатай байдаг. Урт хугацааны турш хийгдсэн үнэлгээ нь хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах боломжийг олгодог. Их цаг хугацаа ордог учир бусад төрлийн үнэлгээнээс илүү өртөг өндөртэй байдаг.
Үр дүнгийн үнэлгээ
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг богино хугацааны үр нөлөөний дараагаар үнэлэн хэмжихийг үр дүнгийн үнэлгээ гэнэ. Хөтөлбөр нь тавьсан зорилготоо хир амжилттай болж, зорилтот бүлэгтээ хүрч чадсан эсэхийг үүгээр үнэлнэ. Хөтөлбөр зориулагдсан бүлэгт үр нөлөө үзүүлж чадсан эсэх нь үр дүнгийн үнэлгээгээр харагдах ёстой. Зорилтот бүлгийн үйл хөдлөл өөрчлөгдсөн эсэх, мэдлэг чадвар нэмэгдсэн эсэхийг хэмжих дүгнэх аргаар үр дүнгийн үнэлгээг хийдэг.
Ашигласан материал:
Michael E Carpenter, (2019), “Different evaluation techniques”
Recent Comments