Уншсан номын тухай сэтгэгдэл – Зэрлэг цахирмаа

Найз Д.Оюунсүх маань энэ номыг бидэнд бэлэглэсэн юм. Сэрээнэнгийн Осор гэдэг зохиолчийн номыг өмнө уншиж байгаагүй надад шинэ зохиолч таних эхлэл болсон шинэ ном байлаа.

Монгол хэл дээрх номыг голцуу л нэг амьсгаагаар уншчихдаг хүн чинь энэ удаад  тэгэж чадсангүй. Номонд гарч байгаа олон зүйл сурагч насны минь цаг хугацааг эргүүлэн сануулж байлаа. Ядруу шиг амьдралтай хүүхдүүд ангид ямархуу байсныг, муу сурдаг, ариун цэвэр тааруу хүүхдүүдэд сургууль яаж ханддаг байсныг эргэн санахад хүргэсэн. Охид хөвгүүдийн үерхэл, хашааны гадаанаас дуудаж уулзалддаг гар утасгүй үе, хөвгүүдээс захидал аваагүй охины гутарсан гэмшсэн сэтгэгдэл,  гал тасарсан гэрт өвлийн өглөө босох ямар байдгийг эргэн дурслаа.

Хэдийгээр би эцэг эхтэй, эгч ахтай, халуун дулаан хайранд өссөн охин ч бас олон зүйл дээр зохиолын гол дүр болох Гэрэл охинтой төстэй байлаа. Миний бодлоор Гэрэл охины туулж байгаа амьдрал яг л бидний үеийн охидуудын хэн нэгэнд ямар нэг байдлаараа байсан гэдэгт би итгэлтэй байна. Биеийн тамирын хичээл дээрээ дасгал хий гэхэд зөрүүдлэн зогсож байгаа Бөөдий, хангалттай цэвэрхэн биш хувцастай Бакаал, хөөрхөн охидуудад дээрэлхүүлсэн Гэрэл бүгд л танил санагдаад уншиж байгаа номоо хойш тавьж сурагч насны хором бүрээ санах гэж мэрийхэд хүргэж байлаа. Яагаад ч юм олон юмнууд их л дотно, мэддэг зүйл шиг уншигдсан хирнээ заримдаа зүрх зүсч, нулимс асгаруулаад амаргүй л уншигдсан зохиол доо.

Олон ч уншсан. Сүүлдээ “Зэрлэг цахирмаа” гэж нэрийг нь санахад л зохиолын үйл явдал нүдэнд харагддаг болсон. Хүн хаана хэнийд төрөхөө сонгох эрхгүй ч хүн хэн байхаа сонгож чадна. Энэ бодлыг минь баталсан сайхан бүтээл. Хэцүү бэрх амьдралыг туулан өөрийнхөө хайрын гэрэлийг асааж чадсан дайчин бүсгүй. Адармаатай амьдралын дунд сэтгэл сайтай, ухаалаг хүн өсгөж хүмүүжүүлж чадсан гайхалтай ээж.

Зохиолыг Та унших үед маш олон нарийн мэдрэмж төрнө гэдэгт би итгэлтэй байна. Тэр тусмаа 60, 70-аад онуудад төрсөн соц нийгмийн сургуулиар дамжсан бидний эргэн тойронд болж байсан олон зүйл энд яг л өнгөөрөө байгаа. Гол нь энд бичигдсэн зүйлс маш бодит шүү л гэж би тэмдэглэмээр байна. Орчин цагийн залууст хэтрүүлэг ихтэй санагдах магад л байх. Гэвч бидний үед ийм амьдрал үнэхээр байсан, одоо харин бага л гэж найднам.

Асуулт болж үлдсэн зүйлс: Гүнжээ яаж Гэрэлийн утасны дугаарыг олж авав, Гэмгүй хирнээ гэмтэн болсон залуу Гэрэлийг захидалын эзэн гэж яаж мэдэв? Сүүлд учирсан эр хүний тухай яагаад тийм бага бичив зэрэг асуултууд байв. Бас яагаад ч юм энэ номонд хэрэгийн эзэн хэнгэрэгийн дохиур Баатарыг ерөөсөө буруутгахгүй байсан нь сонин. Ер нь ярилцаад суувал мөлжүүртэй олон өнгийг багтаасан маш сайн зохиол доо.

Сонирхолтой зохиомж дараалалтай энэ зохиол Сосор зохиолчийн дараагийн бүтээл юуны тухай байх бол? Бусад зохиолуудыг нь олж уншина гэж төлөвлөөд байгаа. Зохиолч Сэрээнэнгийн Сосор танд баярлалаа. Олон сайхан бүтээл гаргаарай.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>