Уншсан номын тухай сэтгэгдэл – ШҮГДЭН

Яг хэдэн онд энэ номыг авсанаа баттай санахгүй байна. Онгоцны буудлын дотор байсан номын дэлгүүрээс авч байсан юм. Онгоцны хуучин буудал гэхээр нөгөө айхтар юм гарахаас өмнө байж таарах нь. Ямар ч байсан номыг авсандаа огт харамсаагүйгээр барахгүй өнөө болтол хэд хэдэн удаа ахин дахин уншсаар иржээ. Сайхан номыг зөвхөн өөртөө хадгалах буруу гэж бодоод уншсан номоо өөр сонирхсон хүнд нь дамжуулан өгч уншуулж байвал тэр номыг амьтай байлгах зөв арга гэж бодоод найзууддаа хэлсэн нэг бүсгүй Шүгдэн байна уу? гэж асуусан. Тэр найз бүсгүйдээ өгнө гээд амлачихсан болохоор өгөхөөсөө өмнө ахин нэг төвлөрч уншсан чинь сэтгэгдэлээ тэмдэглэж үлдээмээр болоод энийг бичиж сууна.

Гүн овгийн Г.Аюурзана гэж эхэлсэн энэ романыг би эхний удаа нэг амьсгаагаар л уншчихсан. Өвөрмонголчуудын тухай, Хятад хүний тухай ойлголтууд минь юу билээ? гэсэн эхний асуулт намайг хоргоосон. Зөвхөн Монголтойгоо л суух гэж үнэхээр хичээдэг болов уу? Хятадад бас ийм үнэнч сайн хүмүүс одоо ч байгаа болов уу? Сүсэг бишрэл гэж ер нь юу юм болоо үнэндээ? Энэ шүтээн үнэхээр манай Монголчуудтай тийм их холбоотой юм байх даа? Түвд, Өвөрмонголчуудыг хатуу бодлогоор уусгаж байгаа тэр Хятадууд ямар их шуналтай хүмүүс вэ? Яагаад өөр улс орныг өөрөөр нь үлдээж болдоггүй байна аа? Шунал хүсэл, мунхаглал ямар гээч хүчтэй зүйл вэ? гээд л ёстой эрээн элдэв бодлууд толгойд эргэлдэж байсан.

Гүн сэтгэгдэл төрүүлсэн хэсэг бол яах аргагүй Самдан хувраг болоод Дарамбал лам 2-н дүр байсан. Зохиолыг тэр чигт нь эзэлж байгаа Сэржамц өвөрмонгол залуугийн тухай олон талаас нь бичсэн нь нэг талаасаа бодит хүнээс өөрөөс нь сонссон яриа ч байж магад гэж бодогдсон. Зэрвэс дурдагдаад өнгөрч байгаа өвгөчүүлийн яриа дурсамжин дунд Ар, Өвөр Монголчууд болоод Хятад, Монголын түүхэн зүйлс их байсан. Дунши гээч Хятад цагдаагийн дүр маш эерэгээр энд гарсан нь Хятад хүний тухай голцуу тааруу юм сонсож өссөн надад их содон байлаа. Сэрдог гэгээний тухай нэлээн дэлгэрэнгүй гарч байгааг харахад зохиолч өөрөө тэр хүнтэй уулзаж байсан юм болов уу? гэж бодогдмоор байв.

Бид бол Монголынхоо түүхийг бодитоор мэдэж болохгүй НЭН ШИНЭ ТҮҮХ гээч юм заалгаж өссөн Соц нийгмийн бүтээгдэхүүнүүд. Хайрцагласан мэдээлэлтэй өссөн бид Хятад хүмүүсийн тухай, Өвөрмонголчуудын тухай ямар ч таатай мэдээлэл авч байгаагүй юм биш үү? гэж энэ зохиолыг уншихад бодогдсон.

Эрх чөлөө, тусгаар тогтнол гээч ямар чухал болохыг энэ ном надад ахин ойлгуулсан. Хэн болоод хаана төрчихсөн, юу хийж яаж амьдраад байгаагаа ч мэдэхээ байчихсан Сэржамцын бодол шүүмжээр, түвдийн лам нарын амьдрал ахуйгаар, тэмцээд эрхээ хасуулсан Хүчинтөгсийн яриагаар гээд л олон зүйл энд тусгаар тогтнолоо улс орон алдахад ард иргэд нь хэрхэн бүх төрлийн эрх чөлөөгөө алдаж хэн ч биш болдогийг тодорхой бичжээ.

Надад асуулт болж үлдсэн магадгүй зохиогч эрхэм дараагийн бүтээлээ ч болгоод төлөвлөж байж магадгүй зүйлүүд хэд хэд байлаа. Дарамбал мянган жилийн зовлон зүтгүүрийн дараа юутай учрах бол? Гэгээрэлд хүрэхийг шахсан ч хамгийн итгэлт нөхөртөө хорлогдсон Самдан хувирагийн хойт дүр яах бол? Сэржамцын гэр бүлийн амьдралд цаашдаа өөрчлөлт гарах болов уу? Тэр Жангар хайлж сураад өвөг дээдэстэйгээ учрах болов уу?

Хэд уншсанаа ч мартсан энэ номыг ахин уншихдаа ч бэлэн хэдий ч ийм сайхан бүтээлийг бүр олон хүн уншаасай гэж бодоод би дараагийн хүндээ илгээх гэж байна. Ийм сайхан бүтээлийг унших боломжийг олгосон Зохиогч Гүн овогт Г.Аюурзана танд гүнээ талархаж байна. Цааш цаашдаа улам олон сайхан бүтээл туурвиж уншигч биднийг баярлуулаасай гэж хүлээж байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>