үргэлжлэл
Үнэлгээний мэргэжилтэн, үнэлгээ хийж байгаа баг ямар ч хэлбэрийн загвар, арга аргачлалыг сонгож болно. Гол нь үнэлгээнд ашиглаж байгаа загвар, арга аргачлал нь үнэлгээнд хамрагдаж байгаа, үнэлгээг сонирхож байгаа хүмүүст ойлгомжтой, загварыг хянах, шалгах боломжтой байх ёстой. Цахим сургалтын чанарыг шалгах, дүгнэх, цахим сургалтанд ашиглаж байгаа үнэлгээний аргачлалууд нь ихэнхдээ шугаман нэмэх аргыг ашиглаж байна. Үнэлгээний зорилгоос хамааран үнэлгээ хийх үзүүлэлтүүд, хэмжих нэгжийг ялгаатай тодорхойлж байгаа ч ашиглаж байгаа тооцооллын загвар нь шугаман нэмэх функц байдаг. Зарим тохиолдолд шийдвэр гаргагч нарийн хүсэлтээр эсвэл шинжээчийн шийдвэрээс хамааран жингийн факторыг нэмэлтээр ашиглаж байна.
Дээрх томъёогоор одоо өргөн ашиглагдаж байгаа шугаман нэмэх загварыг тоймлон харуулав. Энд жингийн факторыг алфа-гаар илэрхийлэв. Шугаман нэмэх загварын давуу тал нь ашиглахад маш энгийн байдагт оршино. Гэхдээ шугаман бүтцийн ерөнхий зарчмыг зөрчин жингийн фактор ашиглаж байгаа нь энэ загварын сул тал болж байна. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийхээр тодорхойлсон зорилгуудаа жигд нэг ижил чухал гэж үзэлгүй жингийн фактор ашиглан илүү ач холбогдолтой, бага ач холбогдолтой хэмээн ялгаж үзэж байгаа нь үнэлгээг шудрага, бодит байх боломжгүй болгожээ. Хэн энэ жингийн факторыг тодорхойлох вэ? Ямар зорилгыг эсвэл үзүүлэлтийг илүү чухал гэж үзэх үндэслэл юу вэ? Тэр чухал хэмээн үзсэн үзүүлэлт нь үнэлгээнд хамрагдаж байгаа обьектууд ба субьектууд, үнэлгээг сонирхож байгаа бүх талуудад ижил чухал уу? гэх мэт олон асуултууд жингийн фактортой уялдаатайгаар гарч ирнэ.
Сэдвийн судлагдсан байдлын судалгааны дүнд яг энэ чиглэлээр хийсэн судалгаа тийм ч их биш байгаа нь ажиглагдсан. Тодруулбал, одоо ашиглагдаж байгаа загварууд, үнэлгээг явуулж байгаа арга аргачлалууд нь үнэлгээний ажиллагааны дүнд цугларч ирсэн өгөгдөлийг боловсруулах хэсэгт сул анхаарч байна. Үнэлгээний үйл ажиллагааг төлөвлөх, үнэлгээ хийх асуулга, үзүүлэлтүүдийг боловсруулах, үнэлгээний тайлан гаргах зэрэг хэсгүүд үнэлгээ, үнэлгээний онолтой холбоотой судалгааны ажлуудад өргөнөөр хэлэлцэгдэж, ихээхэн хэмжээний анхаарал татаж, олон тооны судлаачид энэ чиглэлээр ажилласан байсан бөгөөд ажилласаар ч байна.
Гэхдээ үнэлгээний үйл ажиллагааны үр дүнд цугларч ирсэн өгөгдөлүүдийг хэрхэн боловсруулдаг талаарх судалгааны ажлууд, өгүүлэл бүтээлүүдийг олох хялбар биш байсан бөгөөд ийм чиглэлийн бүтээлүүдийн тоо ч харьцангуй хомс байв. Үнэлгээний өгөгдлийг ил тод, хянах боломжтой, онолын үндэслэлтэй тооцоолох аргачлалаар ямар нэгэн хөндлөнгийн нөлөөгүй, хүний оролцоогүй тооцон бодож гаргах нь зүйтэй. Ийм шалтгааны улмаас энэхүү нэг сэдэвт бүтээлийг туурвих болсон бөгөөд үнэлгээний өгөгдлийг боловсруулдаг шинжлэх ухааны үндэслэлтэй, логик уялдаа холбоотой, хэмжүүрийн, магадлалын онолууд дээр суурилсан, хянах боломжтой үнэлгээний шинэ загварыг боловсруулан түгээхийг зорилгоо болгосон.
Нэг сэдэвт бүтээл:
- Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-Learning. Wissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.
ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно
Recent Comments