Ажлын шалтгаанаар нутаг орондоо түр ч гэхнээ эргэн ирлээ.
… Тосоод үнэсэх ээж минь үгүй ч… гэж дууны үг байдаг шиг эрхлэн үнэрлүүлэх ижий аль эрт тэнгэртээ хальсан ч эх орондоо ирэх бүртээ би уяран хайлнам…
Шороо нь бужигнасан зам, тоосонд дарагдаж өнгө гундсан байшингууд, зүлэг ногоон дунд өчигдөрхөн будсан мэт өнгөлөг харагдах хүний нутагаас огт өөр харагдах ч миний сэтгэлд цаанаа л нэг таатай мэдрэмж төрнө.
Бие биенээсээ ямхын төдий зайтай чихэлдэн урагшлах олон машины бөглөрөөн, хэзээ ирэх нь үл мэдэгдэх автобусаа, амрагаа догдлон хүлээх мэт харуулдан зогсох хүмүүс… яг л хэвээр, дотно санагдах нь хөгжилтэй орны яг таг хөдөлгөөнд хашигдсан сэтгэлийг амрааж ийм л байдаг даа гэж бодоход уруул дээр инээмсэглэл тодорно.
Тийм ээ, миний эх орон: Монгол улс харахад хачин сонин төрхтэй, халтар гундуу мэт үзэгдэвч тэнд амьдарч байгаа эгэл жирийн ард түмний тэвчээртэй даруу зан, амьдралын төлөө дуугүйхэн зүтгэх хөдөлмөрч зан, байгаагаа зочиндоо бариад инээгээд үлддэг зочломтгой зан зэрэг нь хаана ч үл мэдрэх тийм сайхан сэтгэлийг төрүүлж аргагүй л Эх орондоо ирсэн таатай мэдрэмжийг төрүүлнэ.
Удаан ч гэхнээ эх орон минь хөгжин урагшилж байгаа нь илт харагдана. Асуудал бэрхшээлгүй орон гэж хаана байх билээ. Олон жилийн нүүдэлчин амьдралаасаа хотжиж эхлээд 100-н жил ч болоогүй, одоо болтол зарим нь яг л хэдэн мянган жилийн өмнөх шигээ нүүдэллэн амьдарч байгаа бидний хувьд өнөөдрийн энэ байдал том амжилт, хөгжил гэж би харж байна.
Бүх юм сайхан болно гэдэгт би итгэнэм. Одоо биднийг удирдаж байгаа хүмүүс жаахан ч гэхнээ эх ороноо бодож, алсыг харсан, үр хүүхдийн хойч ирээдүйгээ бодсон шийдвэрүүдийг эрс шийдэмгий хийгээсэй. Тэгвэл Монголчууд бид дороо нь л дэгэндээ орж дэмжээд урагшлаад улам сайхан болно доо… гэсэн өөдрөг бодлоор Улаанбаатарт буусан эхний өдөр минь эхэллээ…
Эх орондоо ирэх сайхан байнаа…
Recent Comments