Царай нь барайж хүнээр түшүүлэн шаналгаагаа тэвчин алхах өвдсөн хүмүүс…
Өчигдөр оройноос өнөө өглөө хүртэл 12 гаран цаг ийм л дүр төрх харж сэтгэл эмзэглэн зогсож байлаа… Эгчийн минь бие өвдсөнөөс бид эмнэлэгт очив. Дүүргийн эмнэлэгээс эхлүүлээд хэд хэдэн эмнэлэг дамжиж явсаар өнөө өглөө л эмнэлэгт хэвтүүлж чадлаа. Маргааш эрт хагалгаанд орно…
Эмнэлэг дүүрэн холхих хүмүүс… Өвчиндөө шаналсан гундуу царайнууд… Өвдөж байгаа хайртай хүмүүсээ харан сэтгэлээр унаж арга нь барагдсан ах дүүс, гэрийхэн…
Төрийн тэр томчуул ийм энгийн эмнэлэгээр ордог болов уу? Ингэж оочер дугаар хүлээдэг болов уу? Өдөр шөнөгүй зогсолтгүй ажиллаж байгаа эмнэлэгийн ажилтангууд, эмч нараа ойлгодог болов уу? Эмнэлэгийн орчин, эм тарианы хангалтыг нь ойшоон санаа тавьдаг болов уу?
Ээ дээ юу л бол гэмээр сэтгэгдэл төрж анх удаагаа чин сэтгэлээсээ Төрд гарсан тэр хэл ам хурц, хийсэн юмгүй баячуудад гомдох сэтгэл төрөв… Даан ч дээ… 3 хан сая хүнийг эрүүл мэндийн бүрэн сайхан үйлчилгээгээр хангах боломж манай улсад байж л таараа… Хүн болгон өвддөг нь хорвоогийн жам. Бид үүнийг тойрох боломжгүй. Өвчин хэлж ирэхгүй, хийсч ирнэ. Өвчнийг үгдэрээд хүндэрсэн хойно биш өмнө нь сайн сэргийлж ажиллах ёстой бус уу. Хэрэв тэгэж чадвал миний харсан дүр төрх бас ч гэж өөр байж болмоор…
Монголын минь төр нүдээ нээгээсэй. Эх орныхоо асуудал бэрхшээлийг үнэнээр нь олж харж зоригтойгоор шийдээсэй. Дүүрэг тойрог гээд л ярьдаг. Эмнэлэгийн, эрүүл мэндийн асуудал бүгдэд хамаатай баймаар сан… Яанам бээ? Бурхан минь. Мэдэх нэг нь хэлээд өгөөч…
Recent Comments