27н жил боловсролын системд хүчин зүтгэсэн энгийн нэгэн багш миний хувьд байнга бодогдож явдаг сэдвээрээ нүүр номны хуудасны нэгэн бичлэгийг 3-р сарын 20-д оруулснаа блог дээрээ байршуулахаар шийдлээ. 3 хан өдрийн дотор энэ бичлэгийг минь 136 хүн уншиж, 25н хүн цааш түгээсэн бөгөөд 22 хүн сэтгэгдэлээ бичиж оруулжээ. Тэгэхээр энэ сэдэв бол зөвхөн миний санааг зовоодог асуудал биш нь батлагдаж байна.
Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролоо хөл дээр нь босгоё гэвэл хооронд нь УРАЛДУУДАХаа л больчихмоор санагдах юм…🤔
Багш нар нь хичээлээ сайжруулан бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэх, бас өөрийн үр хүүхэд гэртээ санаа тавих цагтай болог. Цалинг нь нэмэж чадахгүйгээс хойш АМЬДРАХ цагийг нь өгч болмоор.
Сурагчид олон цагаар сургууль дээр байх биш гэртээ байж, гэрийн хүмүүжлээс ихийг сураасай. Тэднийг учиргүй их даалгавараар ч дарах хэрэггүй. Сайн нь өөртөө даалгавар нэмээд олоод хийчихнэ. Тааруу нь угаасаа өгсөнийг нь ч хийхгүй…
Германы ямар ч сургуульд ороход элдэв өнгийн жааз, эсвэл хямдхан цомтой сүртэй шилэн шүүгээнүүд харагддаггүй. Багш нарт ямар нэгэн цол хэргэм байхгүй. Бүгд л БАГШ. Багш нарын нэг нь өвдөх ч юмуу асуудал гарахад өөр багш хичээлийг нь орчихдог гэсэн. Хичээлийн хуваар нь нэлээн хөдөлгөөнтэй ч сурагчид тэрэнд түүртдэггүй. Өглөө бүр интернэтээр хуваариа хараад хичээл солигдох эсэхээ мэдчихнэ. БАГШ хүн бас л амьдралтай ХҮН учраас ямар нэгэн шалтгаанаар ажилдаа ирэхгүй байж болохыг энд ийнхүү хүлээн зөвшөөрч хүүхдүүд ч багш нар бас хүн гэдгийг ойлгож мэдэрч өсдөг.
Боловсролын байгууллагат 27-н жил болох энэ хугацаанд олон ч САЙДын нэр сонсож байна даа би мэт нь. Дээр бичсэн санаа минь энгийн боловч сайхан Монгол оронд минь амар амгалан бас зөв ирээдүйг авчрахад нэмэр болох магад л гэж бодном.
Надад Сайдын эрх байдаг сан бол би дараах шийдвэрийг хамгийн эхэнд гаргах байсан.
Уралдахаа больцгоо Эрхэм багш нар минь. Та нар минь бүгд ажлаа хамаг сэтгэлээрээ хичээн хийж байгаа. Би цалинг чинь нэмэж чадахгүй нь ээ. Гэхдээ та бүхнийг маш сайн ажиллаж байгааг мэдэх учир элдэв шалгалтаар дарамтлахгүй гэдгээ амлаж байна. Бас би сайд байх хугацаандаа ямар ч шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхгүй, шинэ сурах бичиг гаргахгүй. Таны СУРАГЧ таны ажлын чанарыг харуулна. Шавь нартаа, өөртөө анхаарал тавина уу… Яам энэ жил бүх хөрөнгөө зөвхөн сургалтын орчныг сайжруулах, анги танхимыг засахад зарцуулна… гэж хэлэх байсан… 😜
Сайхан мөрөөдөж байгаа биз… Ийм сайд гарвал хүмүүс юу гэх бол?🤔
Энэ бичлэгийг уншигч Та ч мөн өөрийн бодлоо хуваалцана гэж итгэж байна.
Recent Comments