Судлаач Тантай хамтран ажиллана

Орчин цагт Эрдэмтэд гэж ярихаа нэгэнт больжээ. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хэн бугай ч өөрөө хүсвэл аливаа зүйлийн тухай өргөн мэдлэгийг олж авах боломж бүрэн бүрдсэнээс энэ нэр өөрчлөгдөж эрдэм судлалын ажил эрхэлж байгаа хүмүүсийг Судлаачид хэмээн нэрлэх болсон бололтой.

Судлаач байна гэдэг амаргүй ажил. Үргэлж уншиж, судалж, бодож бясалгаж, ажиглаж дүгнэж байх шаардлагатай болдог. Судлаач хүнд ажлын цаг гэж байхгүй шиг амралтын өдрүүд ч гэж байхгүй. Иймээс эрдэм судлалын мөрөөр явна гэдэг эцэс төсгөлгүй эрэлд гарч байнаа гэсэн үг гэдгийг санаж өөрөөсөө ийм замаар замнаж амьдрахад бэлэн эсэхээ асуувал зохилтой.

Их сургуулийн багш болсон миний хувьд энэ зам руу сайн дураараа биш бараг л ажлын шаардлагаар орсон гэж хэлж болно. Их сургуулийн багшид тавигддаг нэгэн шаардлага нь сургалтын зэрэгцээ судалгаа хийх билээ. Энэ утгаараа судалгааны ажлыг сонирхох болж улмаар эхний эрдмийн бүтээлээ Орост бичиж хамгаалав.

Нэгэнт цол хамгаалсан болохоор тэр чиглэлээрээ тогтмол уншиж судалдаг болсноор аажмаар судалгааны орчины тухай тэр чиглэлд явагдаж байгаа хөгжлийг өөрийн нүдээр харж өөрийн үзэл бодлоор тунгаах болсон. Аажмаар хүмүүсийн бичиж байгаа зүйлийг шууд зөвшөөрч дагахаас илүүтэй яагаад энийг бид, би дагах ёстой вэ? үүнээс илүү зөв эсвэл дэвшилттэй шийдэл байж болох уу гэдэг өнцөгөөс харах болсон. Тэгэж байхдаа дараагийн том судалгааны ажлын чиглэлээ буюу ҮНЭЛГЭЭНИЙ чиглэл рүү орж судалж эхэлсэн.

Үнэлгээ бол өдөр тутмын хэрэгцээ юм байна, үнэлгээ нь олон тоглогчтой маш нарийн нийлмэл процесс юм байна гэж харсанаар үнэлгээг хэн хийх эрхтэй вэ? үнэлгээ хийх гол зорилго юу вэ? өгөгдөлөө яаж цуглуулж байна? цугларсан өгөгдлүүдийг хэрхэн боловсруулж байна? гарсан үр дүнг хаана хэн ямар байдлаар тайлагнаж бас ашиглаж байна? гэсэн олон асуултууд гарч ирсэн.

Эдгээр асуултууд дотроос хамгийн эхэнд өгөгдлийн боловсруулалтын талаар мөрдөн судалснаар өгөгдөл боловсруулалтын хэсэг нэлээн хоцрогдолтой байна гэсэн өөрийн дүгнэлтэнд хүрсэн. Улмаар өгөгдөл боловсруулалт нь үнэлгээний үндсэн процесстойгоо ямар ч уялдаа холбоогүй явагдаж байгааг илрүүлж өөрийн загварыг боловсруулахаар зорьсон.

Ийнхүү 2011 оноос эхлэн ажилласаар 2014 онд логик бүтэц дээр суурилсан үнэлгээний иж бүрэн загварыг боловсруулж танилцуулсанаар дараагийн эрдмийн цолоо бичиж хамгаалсан. Ингээд миний төгсгөлгүй эрэл үргэлжилсээр одоо өөрийн боловсруулсан аргачлалаа дэлхий нийтэд таниулах, өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Судлаач болохоор зорьж байгаа хүн бүхний эрдмийн ажлын нэгэн хэсэг нь үнэлгээ байдаг. Иймээс судлаач Та бүхнийг миний боловсруулсан үнэлгээний загварыг ашиглахыг хүсвэл би Хамтран ажиллахад бэлэн байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>