2019 оны 5-р сарын 4-ны өдрөөс өнөөдрийг хүртэл миний хувьд цаг хугацаа учир замбараагаа алдсан, сэтгэл санаа уруудаж уймран хоосорсон хүнд өдрүүд байлаа…
5-р сарын 3-ны орой 23-н цаг өнгөрөөж Португал улсын Порто хотод нисч очив, би. Маргааш өглөөний хурал дээр илтгэл тавих ёстой байсан учир буудалдаа очоод л шууд амарсан. Орой нисэхээс өмнөхөн Монголоос эгчийн бие тааруу байгаа тухай мэдээ авсан байлаа. Сүүлийн нэг жил эгч минь эмнэлэгээс бараг салахаа байсан болохоор би энэ удаа ч мөн гайгүй өнгөрнө хэмээн бодож биеийн байдлыг нь мэдээлээд байгаарай хэмээн холбогдож байв.
4-ны өдөр илтгэлээ тавьчихаад цайны цагаар интернэт руу оров. Гэтэл сэтгэл сэрхийм мэдээ иржээ. Эгчийн минь бие маш тааруу байгаа, итгэл найдвар бага, хэлэх хүмүүст нь хэл гэсэн хэмээн дунд эгчийн охин уйлж унжин бичжээ. Бага эгчийн охин руу холбогдож ярих гэсэнд тэрээр учиргүй уйлаад олигтой ч ярьсангүй…
Эргэн дунд эгчийн охинтой холбогдвоос бага эгч маш муу, амьсгалын аппарат залгах дээрээ хүрсэн, эмчилгээг зогсоох эсэх дээр гарын үсэг зуруулах гэж шийдвэр гаргах хүнийг хайж байна гэв… Бага эгчийн охин руу дахин холбогдож би яаралтай очъё, боломжтой бүх эмчилгээг тасралтгүй хийж байхыг хүсэв.
Ингээд л яавал Монгол руу хурдан явах талаар бодож эхэллээ. Бямба гараг байсан болохоор Герман руу ханьтайгаа холбогдож байдлыг хэлэв. Тэр минь, Монгол явах тасалбар зохицуулахаар болж би буудлаа, бас Герман буцах тасалбаруудаа цуцлах ажил эхлэв… Тархи толгой бараг л ажиллахгүй байлаа. Цаг хугацаа ч мэдрэхгүй болсон байв.
Нэг л мэдэхэд би Швецарь улсын онгоцны буудал дээр хонох газар хайгаад явж байв. Нэг булан олж сууж авсаны дараагаар л ажил олгогч профессортоо томилолтоо хаяад явж байгаа шалтгаанаа дуулгаагүй ээ саналаа… Яаран нэг мессеж илгээв. Дараа нэг мэдэхэд би Монголд ирчихсэн машинд суугаад эгч рүүгээ явж байлаа… Сэхээнд байгаа, байдал тогтсон учир орой болтол оруулахгүй гэж намайг угтав.
Охинтой нь ярилцвал одоогоор төлбөр 10М болсон. Цаашид яах билээ? хэмээн ярина. Хүнээ сайн болтол яаж ийгээд эндээ байлгая гээд нөхрийн бэлдэж өгсөн 3М -г өгөв. Улмаар толгойд яаж хэдэн төгрөг босгох вэ? гэсэн бодол эргэлдэнэ…
Өмнө нь хүнээс элдэв тусламж барагтай гуйж байгаагүй би яах учраа ч сайн олохгүй байв. Аргаа бараад халаасны хэмээн боддог хэдэн найзууд руугаа залгалаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж үнэн юм билээ…
Эгч минь сэхээнээс гарч бид 3-р эмнэлэг рүү буянт, сайн санаат эмчийн ачаар шилжин ирж мөнгөн төгрөгний хүнд байдлаасаа ядаж салав. Одоо хүн маань л наашилж сайжрахыг хүлээн бүгд ээлжлэн сахьсаар…
Удалгүй эгч минь хамаагүй дээрдэж, өндийж суугаад нойл шөл уудаг болов. Хүн маань сайжирмагц л ажилдаа зовж эхэллээ. Улмаар томилолт хаясан буруутай би яаран буцлаа.
Харамсалтай нь намайг буцсан шөнөөс эхлэн эгчийн минь бие эргээд муудсаныг би Даваа гарагт л мэдэв. Тэр эрчээрээ муудмаар хөөрхий эгч минь Лхагва гарагийн үүр шөнөөр тэнгэрт хальж алаг 2 үрээ, ах бид 2-г орхиод явав…
Энэ мэдээг авмагц би буцаад явахаар шийдлээ. Баасан гарагын өглөө би эргээд Монголд ирсэн байв. 20ны Даваа гарагт эгчийн минь буяны ажил болж өнгөрлөө…
3-н сайхан эгчийн минь бага нь, надад үлдсэн байсан сүүлчийн минь ЭГЧ… Тэр нүдээ тас аниад эсгийг хайрцагт хадгаар толгой нь ороолттой хэвтэнэ… Салах ёс хийх надад маш хэцүү байлаа… Болж байгаа үйл явдлыг бодит гэж мэдсээр байж итгэж боломгүй л байлаа. Хайрцаг аажмаар доошилж нүх рүү оров. Ах минь хичээнгүйлэн зүг чигийг харна… Бүх зүйл нэг л албаны бас хачин урсгалаараа болж байв. Ажлаа хийж байгаа буяны байгууллагын хүний биднийг удирдан залах албаны өнгөтэй зөөлөн дуу хоолой юу хийх яах ёстойг зааж өгнө. ЭНД БАЙГАА ЭЛСНЭЭС АВААД ТОЙРУУЛААД ХИЙГЭЭРЭЙ… ингэж хэлэхэд л би хачин ихээр гутарч дахиад эгчээ хэзээ ч харахгүй, тэр газар эргэж ирэхгүй гэдэгээ эргэлт буцалтгүй ойлгосондоо хамаг бие минь дагжиж байлаа… Элснээс атгаж авсан ч би хийж чадахгүй л байлаа… Аргагүй бусдыг даган зүүн доод булангаас нь эхлэн хайрцагийг тойруулаад бага багаар асгаж эхлэв. Хайрцаган дээр нь шидэж чадахгүй байлаа. Хэрэв тэгвэл эгчийгээ өөрийн гараар булшилж байгаа мэт санагдах байсанд тэр юм. Гэтэл яг эргээд зүүн доод буланд ирж байхад шар хийтэл хайрцагны толгой руу элс холоос хүчтэй шидэх нь тэр… Эргээд харвал… эгчийн минь сүүлийн хэдэн жил амиа өгөх шахан хайрлаж, хамтран амьдарсан тэр хүн харагдсан юм даа… Надад энэ бүхнийг харах хүнд байлаа… Түүнд буруу өгөх гэж яараагүй ч энэ үйлдэл намайг улам гутраав…
Эгчийнхээ хөлд зогсоод би хайрцаг руу нь харсаар л байв… Түүнийг нүдээ аниад нүүрээ хадагаар бүтээгээстэй амьсгалахгүй хэвтэж байгааг мэдэж байсан ч би орхимооргүй байлаа… Дахиад хэзээ ч харахгүй… Эргээд тэнд хэзээ ч ирэхгүй… Ийм эрт… 56хан нас… Ид сайхан нас… Яагаад вэ? Жаахан ч гэхнээ амьдрах боломж байсан болов уу? Эгч минь… Та минь даанч яав даа… Яагаад хичээсэнгүй вэ? Эрүүл мэндээ сайн анхаарсан бол… гэх мэт элдэв бодол толгойд орж гарсаар…
Тэндээс буцаад алхаж байхдаа би 3-н эгчээ 3-ууланг нь дурсан бодож явав… Дунд эгч минь 2011 онд өнгөрөхөд би гутарч гуньсан ч надад дахиад 2 эгч байсан болохоор өнөөдрийнх шиг байгаагүй бололтой. 2016 онд том эгч минь өнгөрөхөд маш их цочирдсон ч бас л арай өөр байжээ. Яагаад гэвэл надад дахиад 1 эгч үлдсэн байснаас тэр бололтой. Гэтэл өнөөдөр… сүүлчийн эгчээ орхиод явж байна… Тэд одоо 3 уулаа байхгүй… Дахин надтай хэзээ ч уулзахгүй… Эцэг эх минь явсан. Одоо эгч нар минь явлаа… Ах бид 2-н ээлж хэзээ нэгэн цагт ирнэ… Би ийм л зүйл бодож явсан. Нэгэнт л ийм цаг ирэхээс хойш тэгтлээ зүтгэж амьдрах ямар утга байнаа?… Ийм бодол ч орж ирж байлаа…
Ажил явдалд ирсэн хүмүүс болдог л зүйл болсон мэт өөр хоорондоо ярилцан алхацгаана… Үлдсэн хүмүүс үргэлжлүүлэн амьдрах ёстой. Би ч бас тэдний дунд үлджээ…
Хагацал гэдэг хамгийн үнэн, бодит бас хамгийн гашуун зүйл аж. Одоо юу ч эргэхгүй…
23ны өдөр би буцаад Германд ирсэн автобусанд явж байлаа. Сүүлийн 20-н хоногт болж өнгөрсөн бүхэн үнэн хирнээ худал мэт хачин хоосон байлаа… Цаг хугацаа зогссон мэт… Би тэгэж их яваагүй мэт… Цаанаа л гунигтай бас утгагүй санагдах…
Амьдралыг минь утгатай болгодог эрдэнэсүүд дээрээ ирлээ би. Тэднийхээ төлөө би тэргүүнээ өргөөд нулимсаа залгиад үргэлжлүүлэн амьдрах ёстой… Өөр ямар ч зам надад алга! 🙁
Бурхан минь надад сэтгэлийн хат хайрла…
Recent Comments