Эрхэм Магистр оюутнууд аа,
Эхний сорилын дүн тайлагнасантай холбоотойгоор зарим оюутнууд чухал асуулт асуусан учир би хариултыг нээлттэй бичиж байна. Бусад хүмүүст ч гэсэн мэдээлэл болно байх хэмээн найднам.
1. Яагаад сорил авдаг вэ? Сорил бол таны явцын 70 оноонд нөлөөлдөг үндсэн үзүүлэлтүүдийн нэг байдаг. Учир нь энэ бяцхан шалгалтыг та тодорхой хугацаанд амжиж өгөх ёстой байдаг бөгөөд сурганы онол ёсоор заасан хугацаанд бүх асуултыг хайж, хуулж, хүнээс асууж хариулах боломжгүй. Тодруулбал та асуултуудыг мэдэж байгаа тохиолдолд л хугацаандаа хариулж дуусна. Маш сайн мэддэг хүнд бол тоглоом шиг л амархан асуултууд байсан. Зайнаас суралцаж байгаа хүн өөрөө даалгавраа хийсэн бол ихэнхдээ сорилд сайн хариулдаг. Иймд зайнаас суралцагч маань өөрөө даалгавраа хийсэн байна уу? мөн өөрөө хариулж байна уу? гэдгийг шалгах мэдрэх нэг арга бол сорил байдаг. Тэгээд ч сорил бол шалгалт учир явцын үнэлгээнд өндөр оноог эзэлдэг.
2. Сорилыг хэрхэн ямар стандартаар хэн бэлддэг вэ? Сорилыг олон улсын онлайн сорилын стандартын дагуу бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл асуулт товч тодорхой, нэг хариулттай байна уу? олон хариулттай байна уу? гэдэг нь харагдаж байх ёстой байдаг. Хариултын өмнөх хэлбэрээр хэдэн хариулттай нь харагдаж байдаг ба энэ бол онлайн програмын давуу тал юм. Дугуй бол нэг хариулттай, дөрвөлжин бол олон хариулттай байна. Олон хариулттай асуултанд харин хэдэн зөв хариулт байгаа нь тодорхойгүй байна. Бүгд зөв байж болно. 2 зөв байж болно. Сорилыг хичээлийн агуулга бэлтгэсэн багш бэлтгэн зохих хүмүүсээр хянуулан батлуулснаар байршуулдаг.
3. Сорил яаж дүгнэгддэг вэ? Онлайн сорилын бас нэгэн давуу тал бол зөв хариултын тоо шууд таныг дууссаны дараа харагддагт оршино. Тийм байх алба үгүй ч ихэнхдээ ийм байдлаар програмыг боловсруулдаг. Таны дэлгэцэн харж байгаа тоо бол таны зөв хариултын тоо юм. Гэхдээ зөв хариултын тоо нь таны сорилын эцсийн дүн биш байдаг. Хэрэв 20-с дээш оноо авсан бол тэр оюутан надаас асуулт асууж болох л байсан. Учир нь танд хичээлийн эхэнд явуулсан заавар файлын үнэлгээний хүснэгт дээр сорил бүр дээд тал нь 20-н оноотой хэмээн бичсэн байгаа. Бүх сорил дууссаны дараа сорилын оноонууд нэгтгэгдэн хичээл зааж байгаа багшид ирнэ. Хичээл удирдаж байгаа багш зөв хариултыг сорилын дүнд шилжүүлэн бодно. Би бол энгийн арга ашигладаг. Дээд авах ёстой оноо 48 байсан энэ удаад. Тэгэхээр 48-н зөв хариулттай хүн 20-н оноо авна. 25-н зөв хариулттай бол хэдэн оноо авах вэ? Ингээд таны хариултын тоо Дүнгийн хүснэгт болон хувирсанаар блог дээр мэдээлэгдсэн байгаа.
Зарим зөвөлгөө:
Сорилыг хэрхэн амжилттай өгөх вэ?
1. Хараад л мэдэж байгаа асуултандаа шууд хурдан хариул. Энэ нь цаг хэмнэнэ.
2. Эргэлзээтэй санагдсан асуултны хариулт 1 хариулттай бол бага зэрэг бодоод хариулж болно. Олон хариулттай бол үлдсэн цагаасаа хамааран аль болох буруу гэснээ хасах байдлаар хариулах гэж оролдоно.
3. Тест бол шалгалтын хамгийн хялбар буюу хариу нь байж байдаг хэлбэр учир дөхөөтэй хариултууд байх нь бий. Энд зөвхөн мэддэг хүн л зөв хариулдаг учир маш болгоомжтой хариулбал зохино.
4. Асуулт энгийн санагдах тусмаа хариулт нь хялбар биш байж болно. Иймд асуултаа анхааралтай унших хэрэгтэй.
5. Хүнд асуултууд байдаг. Тийм тохиолдолд хариултуудыг анхааралтай уншина. Илтийн буруу хариултуудыг хасаж зөв байх магадлалтай хариулт дээр бодох нь цагийг хэмнэнэ.
6. МАТЛАВ мэт програмтай хичээл дээр бол тэр програмаа ажиллуулсан байх нь таныг амжилттай хариулахад тусалж болно.
7. Тааж хариулж ерөөсөө болохгүй. Таах тусам авах онооны магадлал буурна.
8. Сорилын асуултууд гарч ирсэнээс хойшхи цагаа сайн хяна. Хичнээн цаг үлдэж байгааг хянаж байх хэрэгтэй. Ингэснээр та эргэлзээтэй асуултан дээр түлхүү бодож болно.
Recent Comments