Та эрдмийн мөр хөөмөөр байна уу? Та судлаач хүн болмоор байна уу?
Судлаач хүн болно гэдэг заавал эрдэмтэн хүн болно гэсэн үг биш гэж би боддог. Хүн их бага ямар нэгэн хэмжээгээр судлаач байдаг. Хэрэв хүнд энэ судлаач чанар байдаггүйсэн бол хэрхэн энэ хорвоог туулахсан билээ дээ. Тэгэхээр судлаач болох боломж, чадвар хүн болгонд бий гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрдэм номын мөрөөр явах боломж хүн болгонд нээлттэй. Ганцхан та чиглэлээ, салбараа л олж сонгох хэрэгтэй. Ямар ч шинжлэх ухаан шинэ юм нээх шаардлагагүйгээр төгс хөгжөөгүй гэдэгтй одоо бараг хүн болгон санал нэг байгаа байх. Хэрэв та шинийг бүтээх сэтгэх, аливааг өөрийнхөөрөө харж хөгжүүлэх хүсэлтэй байдаг бол тэр чадвар боломжоо хөгжүүлэх л хэрэгтэй.
Судалгааны ажил хийж байгаа хүн заавал цол хамгаалах гэж хийдэггүй гэж би бас боддог. Их дээд сургуулийн багш нар бол заавал өөрийн гэсэн судалгааны чиглэлтэй байх ёстой гэж бид боддог. Цаг нь болоод таны бүтээл хүмүүст хүрвээс тэгээд эрдмийн цол хэргэмийг аяандаа хүртэж болно шүү дээ. Гол нь та судалгааны ажлаа эрт л эхлэх хэрэгтэй. Өөрийн заадаг хичээл салбартаа тулгуурласан судалгааны чиглэлтэй байх нь их зүгээр.
Дараах хэдэн зөвөлгөөг шинэхэн судлаач нарт өгье. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг хаячихаарай даа. Шүүмжлээд л өөрийгөө зовоогоод байх хэрэггүй.
1. Юуны өмнө өөрөө судалгааны ажил хийх хэрэгцээ шаардлага өөрт чинь хир их байгааг олж тогтоогоорой. Хэрэгцээ шаардлага 50% аас их бол ямар нэгэн чиглэлээр судалгаа хийхэд гэмгүй. Огт шаардлагагүй бол тийм зүйлд цаг гаргаж байснаас өөр дуртай юмандаа цагаа өгч байсан нь дээр.
2. Судалгааны ажил хийх хэрэгцээ шаардлага байгаадаа баттай итгэсэн бол ямар чиглэлээр хийхээ бодоорой. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Хамгийн багадаа 3-н чиглэл бичээд түүн дээрээ тус бүр нэг сар бодоорой. Үүний дараагаар чиглэлээ сонгож болно.
3. Чиглэлээ нэгэнт сонгосон бол тэр өдрөөс эхлээд тухайн чиглэлтэй чинь холбоотой ном, сэтгүүл, хэвлэл мэдээлэл бүрийг цуглуулж байх хэрэгтэй. Цаг гарган уншиж байх хэрэгтэй. Тэр тусмаа таны сонгосон чиглэлээр гарч ирж байгаа шинэ нээлт, эсвэл шинэ бүтээл бүрийг заавао сонирхож байх нь чухал.
4. Өөрийн сонгосон чиглэлийн дагуу сургалт семинарт сууж, хуралд оролцож байх нь чухал. Эхний ээлжинд өөрөө илтгэл тавих гэх шаардлагагүй. Тухайн чиглэлээр хийгдэж байгаа бүтээлүүдийн талаар судалж унших нь зүйтэй.
5. Ийнхүү судалгаа хийх бүртээ заавал тэмдэглэл хөтөлж байгаарай. Хаана ямар хүниЙ бичсэн ном, бүтээл байсан түүнд юу нь шинэ давуу байсан, эсвэл таны бодлоор тэрийг хэрхэн өөрөөр хийж болох байсан зэрэг өөрт орж ирсэн санаа болгоноо заавал тэмдэглэж байх нь зүйтэй. Хожмоо цаг хэмнэсэн олон сайхан боломжуудыг танд нээж өгөх болно.
6. Өөрийн сонгож авсан чиглэлийн дагуу эх орон болоод дэлхий дахинаа юу хийгдэж байгааг судлаж уншаарай.
7. Тухайн чиглэл хэзээ хэрхэн хэнээс эхэлсэнийг тогтоож толгой эрдэмтэн тарын амьдралын түүх, бүтээлийг нь уншвал их сайн.
8. Сонгосон чиглэлийнхээ шилдэг эрдэмтэн, судлаач нартай холбоо тогтоож авбал маш сайн шүү.
9. Ингээд уншиж судалсаар танд би энэ салбарт юуг шинээр хийж болох вэ гэдэг санаа чинь аяндаа төрөх болно. Энэ бол та тэр салбараа бага ч гэсэ мэдэж эхэлж байгаагийн шинж учир баяртай байж тэр шинэ санаагаа цаасан дээр буулган сайтар бодож эхлээрэй.
За таны судалгааны ажилд чин сэтгэлээсээ амжилт хүсье.
Recent Comments