Өөрийн биеэр олж авсан багаахан туршлагаасаа залуучуудтайгаа хуваалцахыг хүсэв.
1. Судалгааны чиглэл. Юуны өмнө хэрэв та Багш л бол хүссэн хүсээгүй ямар нэгэн судалгааны чиглэлийг сонирхож эхлэх нь зөв хэмээн зөвлөх байна. Аль болох эрт эхлэх тусмаа танд сайн. Чиглэлээ тогтоох нь хамгийн хэцүү бөгөөд таны судалгааны ажлын хэтийн хөгжлийг тодорхойлох гол суурь болж өгдөг. Чиглэлээ тогтоохын тулд, өөрийн ажиллаж байгаа тэнхим, сургууль, зааж буюу хичээлүүдийн төрөл, хөгжил дэвшлийн хэтийн байдал зэргээ сайн харах нь зүйтэй. Үүний дараагаар өөрийн бакалавр, магистрын ажлын сэдвээ бас бодолцоорой. Гол нь өөрт сонирхолтой дуртай сэдэв байх нь чухал. Дэлхийн улс орнуудын болоод технологийн хөгжлийн чиг баримжааг давхар харна. Аль болох холыг харж чиглэлээ сонговол сайн. Их ерөнхий том хүрээтэй байдлаар чиглэлээ тогтоорой.
2. Унших цаг. Ямар нэгэн чиглэл сонгосон бол одоо тэр чиглэлтэйгээ холбоотой бүх мэдээ мэдээллийг уншиж эхлэх хэрэгтэй. Мэддэг бүх хэлээ ашиглан өргөн цар хүрээгээр унших тусмаа сайн. Гадаад дотоодын хурал, семинар, сургалтанд тогтмол хамрагдаж тухайн чиглэлээр тэргүүлэгч болсон хүмүүсийг таньж мэдэж тэдний бүтээлийг судлан унших нь чухал. Аливаа чиглэл бүрт анхдагч болсон чухал судлаачид, эрдэмтэд байдаг. Тэдгээр хүмүүсийн бүтээлийг суурьтайгаар уншихыг зөвлөж байна. Эрдэмтэд бүр бас өөрийн бодолтой. Иймд та өөрийнхөө сонгосон чиглэлд илүү таарах анхдагчийг сонгон болбол бүх эх бүтээлийг уншвал маш сайн.
3. Өөрийн шийдэл. Ийнхүү уншихдаа болж өгвөл өөрийн нүдээр харж, дотроо дүгнэлт хийж байх нь чухал. Зүгээр л гайхаад бишрээд байвал та шинэ зүйл хийх нь юу л бол. Харин энэ асуудлыг би хэрхэн шийдэх байсан бэ, эсвэл үүнийг хэрхэн сайжруулах болох вэ гэсэн үүднээс уншиж байвал үр дүнтэй. Мөн шинэ гарч ирж байгаа техник технологийн хөгжлийг хэрхэн тусгах вэ гэж харах нь чухал. Гэхдээ хэзээ ч хүмүүсийн хийсэн бүтээлийг шүүмжлэх хэрэггүй. Тэр хүний бүтээлийг та эзэн шиг нь ойлгохгүйгээс хойш энэ тийм буруу ийм сул байна гэх бол судлаач хүмүүсийн ёс зүйд таарахгүй зүйл гэж би хувьдаа боддог. Өөрийн бодол өөртөө зөв гэсэн ардын үг байдаг.
4. Тэмдэглэл. Чиглэлээ сонгож уншиж эхлэхтэйгээ зэрэгцээд та уншсан зүйлүүдээ сайн тэмдэглэж авч үлдэж байх нь нэн чухал. энэ хожмоо таны бичих эрдэм шинжилгээний өгүүлэлд ихээхэн нэмэртэй байдаг. Тэмдэглэлийг хийхдээ олон улсын жишигт таарсан байдлаар бичиж авч байх нь бас чухал. Эс бол хожмоо та тэр материалаа дахин хайх хэрэг гарч ч магад. Таны мэргэжлийн онцлог судалгааны чиглэлээс хамааран олон улсын хэмжээнд тогтсон хэлбэрүүд байдаг. Жишээлбэл, та МХТ буюу компьютерийн хүн бол олон улсын IEEE, харин сурганы чиглэл бол APA хэлбэрийг дагана.
Энэ удаад ингээд завсарлая. Та бүхэнд өгөөжтэй байгаа бол үргэжлүүлэн бичих болноо. Таны судалгааны ажилд амжилт хүсье.
Ёстой хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа. Бидний үеийн залуучууд судалгаа хийхээсээ өмнө ийм хэлбэрийн зөвлөгөөгөөр дутагддаг нь их шүү. Би бас судалгааний чиглэлээ хараахан тогтоогүй эрж явна. Цахим агуулгын боловсруулалтыг сонгох санаатай байна. Агуулгын боловсруулалт дотроо Монголдоо тулгамдаж буйг нь сонговол зүгээр гэж бодох юм. Энэ талбарын зочид ихэнх нь ICT байгаа байх та бүхэн саналаа хэлвэл надад их таатай байх болно.
Асуулгын боловсруулалт ч чухал сэдэв. Гэхдээ алсын том докторын ажилд бол багадаж магад шүү. Докторын судалгааны ажилд та шинжлэх ухаанд нэмэр оруулсан зүйл хийх ёстой байдаг. Асууглга боловсруулалт бол илүү хэрэгжүүлэлтийн асуудал буюу томоохон ажлын нэг хэсэг болж болох юм.