Бурхан гэж үнэхээр байдаг уу? гэсэн охины минь асуулт намайг дахиад л бодолд унагаалаа. Хүүхдүүд аав ээжийгээ бүгдийг мэддэг хэмээн боддог учир тэд биднээс асуулт асуудаг. Хэрэв бид шууд хариулж чадахгүй бол эхлээд тэд гайхдаг, аажмаар асуухаа байж бусдаас асуух эсвэл ном сонингоос, орчин үед бол интернэтээс хариултаа хайж буруу зөв ойлголтыг олж авдаг.
Охиныхоо асуултанд би шууд л Байлгүй яахав гэж хариулсан. Тэгвэл хаана байдаг юм бэ? Яаж хүн болгоныг сонсдог юм бэ? гэх мэтээр охины минь асуулт үргэлжлэн хөвөрсөөр. би чадлаараа хариулсаар л байлаа. Ийм маягаар бид хоёрын өглөөд хийдэг нэг том ажил, үс самналт дуусч тэгээд би асуултан бөмбөгдөлтөөс мултарсан би өөртөө асуулт тавьсаар үлдсэн юм.
Бурхан гэж нээрэн байдаг болов уу? гэсэн асуулттай хамт Өвөөгийн тухай бодол сэтгэл урган аажмаар өвөөгийнхөө тухай энэ дурсамжийг бичихэд хүргэв.
Биднийг бага байхад буюу 1970-аас 80-аад онд шашины талаар ярих хориотой байсан. Тийм ч учраас бид бол шашингүй үзлээр хүмүүжсэн хүмүүс. Гэвч хүний сэтгэлийг ямар ч засаглал дарж чаддаггүй болохоор Бурхан шашины талаар бид өөрсдийнхөө хирээр мэдлэг олж авч өссөн байгаа юм. Миний хувьд өвөө маань хувьсгалаас өмнө сүмд шавилж байсан хуврага хүн байснаас шашины талаар өөрийн гэсэн ойлголт мэдээлэлтэй өссөн. Өвөө маань Бурхан тахилаа их нуудаг сан. Урдуур нь татсан хөшиг байнга шахам буулгаатай байдаг байдаа. Эрхээ бас нууна. Томоо нудрагатай дээл голцуу өмсдөг байсан нь бас эрхээ нуух нэг сайхан боломж байсан болов уу. Шүтлэгтээ их үнэнч хүн байсан юм. Оройд суугаад л байна. Нүдээ аниад л суугаад байна. Ганхаад л… Харахаар унтаад байгаа юм шиг тэгсэн хирнээ уначихгүй, хэвтэхгүй. Би тэгээд өвөө, та ингэж байхаар унтаач гэхээр уншлагаа дуусгаагүй байнаа гэж хариулдаг байсан. Миний мэдэхийн шөнө болгон 12 өнгөрөөдөг байсан даг.
Нэг зиндааныхан гэсэн хүмүүс жилдээ нэг улаа өвөөгийнд цуглана. Өвөө их баяртай. Эртнээс бэлдэнэ. Тэр өдөр бид харуулд гарна. Ямар нэгэн албаны хүн хаалга руу ирж яваа харагдвал бид өвөөд мэдээлэх ёстой. Хэнгэрэг цан цохиж дуу шуу гаргахгүй ч тэд хурлаа хурдаг байсан бололтой байгаа юм. Бид гэрт орох эрхгүй. Харин дараа нь сайхан будаа, боов идэх боломжтой учир тэр өдрийг их л хүлээдэг сэн. Бас Өвөө тэр өдөр эгэлгүй сайхан зантай байдаг учир бид тэр өдөрт дуртай байдаг байсан.
Бурханы тухай өвөөгөөс асууж хариуд нь өвөө маань үлгэр домог шиг олон сайхан зүйлийг ярьж өгдөг байсан. “Шидэт хүүрийн үлгэр” гэж монгол, түвдээр бичсэн номыг уншуулах гэж өвөөгөө их шалдаг сан. Нэг орой нэг л үлгэр уншиж өгнө. Тэгээд л болоо. Үсгийг нь заагаад өгчих гэхээр хэрэггүй, та нар ийм үсгээр бичвээс ялтан болно гээд зааж өгдөггүй байсан. Цаг үе ч их сонин байж дээ.
Өвөө маань бас л их сонин амьдрал туулж олон түүхт зүйл үзсэн хүн дээ. 7-н настайгаас хийдэд шавилан сууж 20 шахсан хойно нь хувьсгал гарч сүм хийдийг буулгаж байгаа сургаар багш нь чи залуу хүн эртхэн хар болж эхнэр авч энэ хийдээс холдож яв гэж захьсан гэсэн. Ховд аймгийн Дарви суманд байдаг Хараат гээч газарт байсан хэмээн сүүлд ээж маань хэлж өгч байсан. Эхлээд өвөө зөвшөөрөөгүй ч багшийнхаа ятганалнд орж улмаар лам нарыг хоморголон сүйтгэхээс хамаагүй эрт хар болж эхнэр аван амьдарсан нь, өвөө амьд үлдэж улмаар мань мэтийн ах дүүс энэ хорвоод мэндлэх боломж бий болсон том шийдвэрт үе байжээ. Багш нь алсыг харж өвөөг маань эрт явуулсан нь нэг айлын 9-н хүүхэд төрж өсөн ач үрс нь эх орондоо хүчээ өргөх эхийг тавьж өгчээ. Тэгэхээр эх орны хөгжилд ХҮН гээч амьтан ямар их чухлыг эндээс харж болно. Өвөө маань анхны мэргэшсэн сувилагч нарын нэг байсан юм. Маш цэвэрч нямбай хүн байж билээ. Лам багшаасаа сурсан эрдэм бүрээ яс хадгалсан, Бурхан шүтлэгтээ үнэнч, үр хүүхдээ зөв хүмүүжүүлсэн энгийн нэгэн ард байсан.
Баян Баавай л гэж хүмүүс ахалдаг байсан. Яагаад БАЯН гэдэг байсныг бас мэдэхгүй юм байна. Одоо эргээд очихоороо нагацаасаа асуух юм байна шүү… Аав ээжийн минь сум энэ жил 90-н жилийн ойгоо хийх гэнэ лээ. Хэдий тэнд төрөөгүй ч эцэг эхийн минь унаган нутгийн зон олонд сайхан наадамлаж, сайхан баярлахын ерөөлийг алсын нутгаас дэвшүүлэн энэ бодролоо дуусгая даа.
Recent Comments