Миний бие онгоцоор нисэхдээ элдэв адал явдалтай учирсан хэвээр л байх юмаа.
Хэдэн жилийн өмнө Улаанбаатараас Инчёноор дайрч Дрездэн нисэхдээ илүү ачаанаасаа болж бараг л 500 доллар төлсөн тухайгаа дээр бичсэн санагдаж байна. Их ч мөнгө гарсан, их ч хямарсандаа тэгэхэд.
Энэ удаад ингэлээ. Цөөхөн хоногоор яваа учир ачаа бага гээд нэг хүн жижиг чемодан дайсан юм. Жин нь нийтдээ 23 хүрэхгүй юм чинь гээд 2 чемодан ачаанд өгөхөөр бэлдлээ. Тэгсэн чинь 2 ширхэг юм болохгүй гэнэ. Нэг л ачаа 23 хүртэл кг байж болох юм байна. Ингээд илүү 1 ачаандаа 50 доллар төл гэж байх юм. Хэдэн хором бодлоо. Тэгээд төлөөд л аваад явлаа даа. Иймд нөхөд минь билетээ сайн уншиж байх ёстой юм байна шүү. Тасалбар дээр юу гэж бичсэн байна түүгээр л болдог юм байна гэдгийг дахиад л биеэрээ тууллаа би.
Москвагаар дамжаад Дрезденд буулаа. Олон орос дунд ганцаараа явав би. Тэд ч бөөндөө болохоор би хамгийн сүүлд л зогсож байлаа. Пасспорт дээр их удлаа. Хүн болгоноос л маш их юм асууж нарийн шалгаж байнаа. Өмнө нь арай л гайгүй байсан санагдах юм. Хамгийн сүүлд гарсан би ачаагаа аваад гарах гэсэн чинь намайг цагдаа нь бүх ачаагаа камераар гарга гэж байна. Гаргалаа би. Тэгсэн нэг чемоданаа задал гэж байна. Задаллаа би. Тэнд нь 4 шил архи байсан юмаа. Бас сувинерийн 10 ширхэг жижиг архи байсан юм. Тэгсэн би авах ёстой хэмжээнээсээ 1,5 литрийг илүү авч явна гэнэ дээ. Ингээд торгох юм боллоо. Тэгээ л гэлээ. 20 евро 40-н центээр торгуулаад архиа аваад гарлаа даа би.
Ээдээ хүмүүс минь. Гадаад явахдаа тэр дүрэм журмыг нь сайн дагахгүй бол гайгүй байдаг гэж ер болохгүй нь болжээ. Олон удаа явсан сан. Энэ удаа их чанга байв. Зоос мөнгөөр ч шатав. Их ч ядарлаа.
Дүгнэлт:
1. Аль болох шингэн юм бага авч явах.
2. Хичнээн чухал байсан ч болбол бичиг цааснаас бусад хүний ачаа авахгүй байх
3. Тасалбарынхөө нөхцөлийг сайтар судлах, эргэлзээтэй бүх зүйлийг тодруулах
4. Юмыг яаж мэдэхэв гээд бэлэн мөнгөтэй байх.
За тэгээд дэлхийг тойроод аялж, ажиллаж, амьдраад байж дээ, хүмүүс ээ…
Recent Comments