Жил бүрийн 3-р сард миний ажиллаж байгаа баг Лаубуш гэж жижигхэн тосгонд байх нэгэн буудалд ирж тусгаарласан орчинд багийнхаа семинарыг хийдэг юм. 3-н өдөр үргэлжилдэг энэ семинарт оролцох бүртээ, энд хэлэлцэгдэж байгаа илтгэлүүдийг сонсох бүртээ шинэ зүйл орж суралцсаар л байдаг.
Энэ удаа би 2 ч илтгэл хэлэлцүүлэх багагүй үүрэгтэйгээр оролцож байна.
1. Цахим сэтгүүл, түүний одоогийн төлөв байдал, нээлттэй дугаарууд болоод цаашдын төлөвлөгөө
2. DrIVE-MATH, Tech4Comp төслүүд, Суралцагч төвтэй сургалт
гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлнэ. Эхний өдөр нэг илтгэл хэлэлцүүлсэн, маргааш нэгийг илтгээд дуусна.
Лаубуш гэдэг нь маш жижигхэн тосгон бөгөөд бидний байрлаж байгаа буудал нь дотроо хурал, семинар явуулах тэнхимээр тоноглогдсон, гадагшаа гарахгүйгээр буудалдаа байрлаад, тэнхимдээ хуралаа явуулдаг тусгаарлагдсан орчин юм.
Өрөөнүүд 3-н одтой буудлын хэрээний тохилог бөгөөд хоолоо ч эндээ идчихдэг. Өрөөнүүдэд зурагт байхгүй онцлогтой.
Семинарын өдрүүд өглөөнөөс орой болтол нарийн төлөвлөгдсөн байдаг. Оройн хоолны дараа 8-н цагт эргээд бүгд цуглаж шөнийн 12 өнгөрч 1 цаг болтол тэрнээс ч орой болтол хамтдаа сууж ярилцацгаадаг. Шар айраг, дарс гэх мэт хэн дуртай нь юу дуртайгаа ууж болно. Иймд залуучууд орой болтол тухлан суугаад ярьж гарна даа.
Гэсэн ч маргааш нь өглөөний цайн дээрээ бүгд яг цагтаа ирдэг. Мөн яг л эхэлнэ гэсэн цагтаа дараагийн өдрийн үйл ажиллагаа эхэлдэг. Хэн ч хэнийг ч дуудахгүй, эсвэл хэн ч хоцрохгүй, таслахгүй… Энэ нь надад маш их таалагддаг.
Хүмүүсийн бие даах чадвар, өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж байгаа нь урамтай сайхан харагддаг. Хүн бүр илтгэлээ яг л цагтаа тааруулж маш сайн бэлтгэлтэйгээр тавьдаг. Баг дотроо гээд хагас хугас бэлтгэх, ярих гэж байхгүй.
Герман соёлын нэг давуу тал цагийн зохион байгуулалт, цагийг хүндлэх юм. Бүх үйл ажиллагаа эхлэх цагтай байдаг шиг дуусах цагтай байна. Төлөвлөгөө гарсан л бол тэрийг дахин зарлах сануулах ямар ч хэрэггүй. Хүн болгон өөрсдөө хөтөлбөрийг олж аваад үйл ажиллагаанд маш хариуцлагатай оролцдог.
Хэн нэг нь илтгэж байхад утсаараа оролдох гэх мэтийн үйлдэл хийхгүй. Бас хэн нэгэн ярьж байвал хөндлөнгөөс орж давхар эсвэл тасалж ярина гэж байхгүй. Дуугарч ярихдаа ихэнхдээ нам төлөв дуугаар тогтуун ярина. Асуулт асуухдаа ч хариулахдаа ч маш сонирхолтой аргагүй зөв байна гэж бодохоор их сэдээлттэй сэдвүүд хөнддөг. Хэн ч хэнийхээ ч илтгэл, ажлыг муу байна, биш байна гэхгүй. Сул тал ажиглагдвал тэрийг маш ухаалаг асуулт эсвэл тайлбараар голцуу тойруу замаар хэлээд өгчихнө. Ийм соёлд бүр дунд сургуулиас нь сургадаг бололтой юм билээ. Хүний яриаг таслалгүй дуустал нь сонсдог энэ чанараас суралцахаар хичээж л явна.
Жил бүр ирдэг ч ирэх бүртээ л шинэ зүйл сураад, мэдээд буцдаг энэ газар их сайхан газар шүү.
Семинарыг яг л ийм хэлбэртэй, ийм уур амьсгалтайгаар ШУТИС дээрээ явуулдаг болох сон… Цагтаа эхэлж цагтаа дуусдаг. Нэг нэгнээ сайтар сонсдог. Үзэл бодлоо хэн нэгнийг гутаахгүйгээр боловсон илэрхийлдэг. Хүмүүсийн судалгааны ажилд хүндэтгэлтэйгээр ханддаг. Нэг нэгнээсээ суралцахыг эрхэмлэдэг. Ийм зан, хэвшлийг бид ч бас өөрсөддөө бат суулгах сан гэж бодож байна даа…
Recent Comments