Я.Борчулууны бичсэн Харвардын серендипити номыг уншиж эхлэхдээ энэ номны тухай ингэтлээ эргэцүүлэн бодож дахин эргэн олон уншина гэж ерөөсөө бодоогүй минь үнэн.
Гарын үсэгтэй тусгайлан над руу илгээсэн эрхэм сэтгэлийг нь хүндлэн заавал уншина хэмээн бодсоор бас ч багагүй цаг өнгөрсөн байв. Хуралд явах аялалд гарахдаа цүнхэлж аваад гарсан номоо онгоцны суудалд шигдэн суугаад уншиж эхэллээ…
Ихэнхдээ би монгол номыг маш хурдан уншдаг ч энэ удаа нэг л хурдан ахихгүй байв. Номыг унших тусам уншсан зүйлээ эргэцүүлэн бодох, энэ л чухам бидэнд нэн хэрэгтэй хэрэгжүүлмээр жишээ байна даа гэсэн бодлууд ургаж, цаашаа үргэлжлүүлэн унших биш, харин нөгөө хуудсаа дахин унших, бүр өмнө уншсан зарим хуудас руугаа эргэн очиж нягтлан унших хэрэг гарсаар 200 хүрэхгүй хуудастай энэхүү авсаархан номыг уншиж дуусгахад бүтэн долоо хоног зарцуулав.
Нэг л уншсан бол номыг би эргэж харталаа бас л уддаг хүн. Гэтэл энэ номыг гараасаа холдуулж тавьсангүй. Яагаад ч юм дэндүү хөнгөн уншсан санагдаад дахин дахин сөхсөөр л ширээн дээр минь компьютертэй минь өрсөлдөн гар дор байх болов.
Тэгэхээр энэ номноос олж авсан миний серендипити бол энэ номонд байгаа агуулгаас өөрийн үзэл бодол, зорилго тэмүүлэлтэй таарсан хэсгээс заавал өөр бусадтай хуваалцах ёстой юм байна гэсэн тууштай бодол байлаа. Тиймээс ч яагаад ч юм энэ номны тухай ярихдаа тэр хэсгийг ингэж онцолно, энэ ишлэл бол манай Монголын тийм тохиолдолд яг таарсан заавар байна гэх мэтээр ярина хэмээн төсөөлж төлөвлөгөө босгож эхэлсэн байв. Энэ бол 2019 оны 9-р сарын 15 даар болж байгаа хэрэг.
Гэтэл огт төлөвлөгөөгүй байсан нөхцөл байдлын дүнд би маргааш Монгол руу очихоор нисэх гэж байна. Ажлаар явах 6 хан хоногт миний хамгийн түрүүнд хийхийг хүссэн зүйл бол Харвардын серендипити гэсэн энэ номны тухай, энэ номонд байгаа эрдэнэс мэт чухал зөвөлгөө, баримт, жишээнүүдийг заавал бусадтай хуваалцах гэсэн хүслээ биелүүлэх байв. Тийм ч учраас 2019 оны 10-р сарын 14-ний өдөр, Европ дахь эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Я. Борчулууны энэхүү номонд байгаа чухал санаа, баримт, зөвөлгөөний тухай нээлттэй уулзалт ярилцлага хийхээр болоод байгаадаа маш их баяртай сууна.
УБ руу нисэх 8-н цагийн аялалдаа номоо дахин нэг давтан унших ч цаг байна надад. Ийм их тэмүүлэл, хүслийг надад сэдээж өгсөн Я.Борчулуундаа, өөрийн түүхээ бусадтай харамгүй хуваалцсан Харвардын төгсөгч Ж.Номин-Эрдэнэдээ баярлалаа.
Олон олон хүний серендипити болж эрдэм мэдлэгийн хязгааргүй далайдаа далбаагаа дэлгэн хүссэн зүгтээ итгэлтэй сэлж чадах хүчит хөлгүүдийг босгон, тэр хөлөг онгоцныхоо жинхэнэ Капитан байх боломжийг энэ ном олгоно гэдэгт би итгэж байна.
Номын цагаан мөр дурайж Буян заяа нь дэлгэрч байх болтугай.
Recent Comments