Өдөржин сууж хийсэн юмнаасаа залхаад харихаасаа өмнө жаахан өөр шинэлэг зүйл хайн уншдаг зангаараа шинэ мэдээ уншиж байв. Монголчуудын оюуны эрэлт хэрэгцээний талаар блогтоо бичсэн нийтлэл нь сонинд тавигдсан Эрхэмийг Д.Ганхуяг гэдэг ажээ. Улмаар өөрийнх нь эх блогийг олж орлоо. Олон сайхан мэдээлэлийг үнэгүй хүргэдэг Буянтай энэ хүний блогоор Та заавал ороорой.
Залуу сулаач нарт хандан бичсэн олон сайхан чин сэтгэлийн нийтлэл байна лээ шүү.
Судлаач Д.Гануяг энд дарж блогт нь зочилно уу. Мөн эхний удаад хамгийн таалагдсан нэгэн нийтлэлийг дор орууллаа.
ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 11
“ЗАЛУУГИЙН ӨВЧНҮҮД”
Ойрдоо улс төр гэж давхисаар байгаад хамгийн гол ажлаа мартчихсан байна. Ингээд энэ удаад “Залуугийн өвчнүүд” сэдвээр бичнэ ээ. Учир нь яг ийм зүйл миний үзэж мэдсэн хэмжээнд хаа ч, ямар ч ном зохиолд байхгүй. Мөн ахмадууд ч энийг залуустайтайгаа илэн далангүй ярьдаггүй, угаасаа л мундаг байсан мэт ойлгуулахыг хичээдэг юм. Бусад улсад ямар байдгийг мэдэх биш, гэхдээ миний ажигласнаар ихэнхи монгол залуус зайлшгүй туулдаг шиг санагдаад байдаг юм. Иймээс голдуу өөрийнхөө онигоог нэлээд марзан байдлаар бичнээ, харин битгий шоолоод байгаарай…
• Би сурагч байх үеээсээ л номын “өвчтэй” байсан юм. Ер нь л овоо “юм мэддэг” болчихлоо. Багш нар магтана аа. “Хөөрөөд” л юу тааралдсанаа уншина даа.
• Энэ нь их сайн хэрэг боловч “юу тааралдсанаа” гэдэгт хамаг аюул байсныг хэзээ хойно мэдэж билээ.
• Ингээд оюутан боллоо. Олон сайхан эрдэмтэн багшаар хичээл заалгалаа. Ер нь л их “амархан” санагдаж байна шүү. Бас л багш нар магтаад жигтэйхэн. Ингэхлээр чинь залуу хүн улам “хөөрдөг” юм байгаа биз дээ…
• 3 дугаар курстээ Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн улсын уралдаанд тавьсан илтгэл маань түрүүлж “Алтан медаль” авчихлаа. Үүндээ “баадуураад” дараагийн хоёр жилд дараалан 2, 3 дугаар байр эзлэв ээ. Одоо бол ч ёстой “нисээд өгнө” биз дээ…
• Ажаад байхад залуудаа чамгүй амжилт олсон монгол хүний дийлэнхи нь “эвдрэх” тал руугаа орчихдог юм шиг. Энэ нь урлаг, спорт гэхчлэн бусад салбарт ч түгээмэл байдаг. Энд залуу хүн нэг удаагийн буюу түр зуурын амжилтдаа ханаад “зогсчихдог” үлэмж аюултай өвчнийг хөндөж байгааг Та анзаарч байгаа байх.
• Хичээлээсээ гадна яруу найраг, түүх, гүн ухаан, харь гариг, сүнс, шашин, стрессийн онол (тэр үед дөнгөж гарч байсан юм), кибернетик (бас л шинэ), утга зохиол, урлагийн онол, “хар нүхний онол”, магадлалын болон мэдээллийн онол, топологи гээд үзэхгүй харахгүй юм байхгүй боллоо. Ерөнхийдөө бол ертөнцийг бүгдийг нь “мэдэж”, “ойлгож” байна гэж жигтэйхэн.
• Ингээд хүмүүстэй ярихад их гоё байдаг байж билээ. “Ямар их юм мэддиийм ???” л гээд байна шүү дээ. Одоо бодоход ямар элэнцэг нь “мэдэх” байхав. Зүгээр л “сонин хачин мэдээллийн цуглуулга” л байж дээ.
• Дээд сургууль төгсөөд Нийгмийн Ухааны Институт гэдэг том газар ажилд орвоо. Эрдэм шинжилгээний туслах ажилтнаар.
• Одоо л ёстой нэг шинжлэх ухааныг “жинхнээс” нь хөгжүүлээд нийгмээ орвонгоор нь өөрчлөх ч “санаанд багтаж” байна. Бодвол бүх монголчуудын “хоцрогдсон” ухамсрыг өөрчлөх гэсэн юм болов уу даа.
• Угаасаа ч эрдэм шинжилгээний газар ажилд орсныг хэлэх үү, ёстой нэг унших шиг боллоо. Маркс, Ленинийг аль хэдийн үзээд “өнгөрчихсөн” хүн чинь цаашаагаа германы гүн ухаан, грек, рим уу л “орно” ш дээ. Ялангуяа зөвлөлтийн онолын томчуудын гол гол бүтээлийг уншиж, ядахдаа энэ тэр тэгж ингэж хэлсэн гэдгийг нь “мэддэг” боллоо доо…
• Харин монголын олон шилдэг түүхчидтэй олон жил ажилласан маань одоо ч гэсэн их хэрэг болдог юм. Учир нь түүхийг архивын жинхэнэ эхээс нь залуугаасаа уншсан болоод тэр. Уншсан ч гэж дээ, “хүчээр” уншуулсан юм. Харин сүүлдээ дуртай болдог юм бил ээ…
• Ер нь бол нийгмийн ямар ч ухаан түүхийн гүн ухаангүй бол явдаггүй эд л дээ. Энэ нь зүгээр л түүх биш гэдгийг санаж явбал тун зүгээр дээ.
• Харин “хөрөнгөтний онол”-ыг бол орос орчуулгаас болон “шүүмжлэл”-ээс их үзэж билээ. Энэ маань хожим их хэрэг болсон юмдаг. “Жирийн хүн”-ий дэргэд бол барууны тав гурван эрдэмтний нэр мэдчихнэ, бас “ерөнхийдөө” ингэж тэгж хэлсэн гэдгийг “багцаалах” жишээний…Ингээд л “баруун зүүний” бүх онолыг “мэдчихэж” байгаа юм чинь…
• Хэдхэн жил болсон чинь “онол монол” ч багтаж ядаж байна гэж жигтэйхэн. Даанч хоцрогдсон “ухамсаргүй” хүмүүс “онол”-ыг маань ч тоодоггүй, “онол сайтайг” минь ч мэдэхгүй “том зовлонтой” учирваа.
• Одоо бодоход уншсан номоо эргүүлээд яриад байхлаар хэн намайг “тоох” билээ. Зүгээр ярих биш, бүгдийг нь “хольчихоор” чинь сүүлдээ өөрөө ч “юу ярьж байгаагаа мэдэхээ” байчихдаг юм. Дэргэдээ амьдрал байгаа гэдгийг “мэдэлгүй” мөн ч олон жил давхисан юм даг.
• Тэр үед би болохоор “бүх онол”-ыг уншдаг. Харин туршлагатай “томчууд” сэдэвтэйгээ холбоотой ном зохиол, гол нь арга зүй үздэг байж. Энд бүтээмжийн ихээхэн ялгаа гарах бөгөөд энэ тохиолдолд би гээч “онолч” жижигдэх нь мэдээжийн хэрэг.
• Тэгээд яг ажил хийх болоход “зэс” цухуйж эхэлвээ, хөөрхий. Нэг сэдэв өгөөд өгүүлэл бич гэсэн даалгавар өгсөн юм. Би ч яахав “гаргуун онолч” болохоороо 42 хуудас “өгүүлэл” долоохон хоногт л “биччихэж” байгаа юм чинь.
• Энэ “агуу том бөгөөд онолын суут” өгүүллийг маань өөдөөс “чулууддаг” байна ш дээ, муусайн дарга нар. Уур хүрч байна ч гэж жигтэйхэн.
• Одоо бодоход ямар юмны өгүүлэл байхав, янз бүрийн номноос эшилж авсан үй түмэн замбараагүй юмнуудыг эвлүүлээд хуулчихсан юм чинь. Миний гэсэн “юм” тэнд огт байгаагүй л байхгүй юу…
• “Онол”-оо ярихаар зүв зүгээр “болоод” байдаг, харин “бичих” гэхээр болж өгдөггүй ёстой “тамтай” ш дээ…
• Одоо бодоход өөрөөсөө ичээд байдаг юм. Хамт ажиллаж байсан нөхдүүд маань ч бараг бүгдээрээ л их бага хэмжээгээр иймэрхүү ”өвчтэй” байсан юмдаг. Тэр үед бид ямар “өвчин” гэж мэдэж байсан биш, ер нь бол “их мэдэх”-ээрээ өрсөлдөнө шүү дээ. Одоо бол тэд бүгдээрээ томчууд болсон доо.
• Харин “цоо эрүүл” нөхдүүд бол байсаан. Тэд бол “гай ч тарихгүй, гавъяа ч байгуулахгүй” яваад л байдаг юм. Миний хувьд ийм “үхээнц” байснаас “өвчтэй” байсан нь хамаагүй дээр гэж боддог юм.
• Бидний үе ийм “тэнэг” байж гэж боддог байтал биш юм аа. Олон жилийн судалгаа, сургалтын ажлын авцад яг ийм “өвчтэй нөхөд” одоо ч тун олон тааралдах юм. Яг би өөрөө “харагдаад” байгаа юм чинь…
• Одоо бол би тэднийг “шууд” ойлгож, аль болохоор тус дэм болохыг хичээдэг юм. Нас маань ч тийм болж. Гэхдээ үгэнд орохгүй “онолдоод” байвал өөрөө “өвчтэй” байгаагүй юм шиг загнахыг яана гээч.
• Гэхдээ би залуу хүний гайхалтай эрч хүч, мөрөөдөл, тэмүүллийг голдуу “өвчтэй” нөхдүүдээс л олж хардаг, бас тэднээр бахархдаг юм. Зөв залаад өгвөл тийм хүмүүс л “юм хийж” чадна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.
• Нэг удаа санамсаргүй өөрийнхөө тодорхойлолтыг олж үзсэн юм. Тэнд: “Залуу хүмүүсийн мэдвэл зохих оюун, техникийн мэдлэг сайтай. Харин эрдэм шинжилгээний ажлын ямар ч дадлагагүй” гэж байна. Бүр “ямар ч” шүү дээ…
• Ёстой нэг “доромжилсон” байгаа биз. Энд хэдийгээр албаны үгээр “даруухан” хэлсэн боловч шууд л “тэнэг” гэсэн хэрэг л дээ…”Уурладаг” маань ч алга болов, харин аймаар “гомдож” байна аа.
• Ингэж ингэж жилдээ ганц хоёр өгүүллийн “нормоо” л биелүүлдэг болов. Энэ нь “томчууд”-ын заавраар олон дахин зассан өгүүлэл гэсэн үг л дээ. Осолгүй нь миний нэртэй болохоор нь “минийх” гэнэ үү гэхээс “хэнийхийг” нь ёстой бүү мэд.
• Чааваас гэж, нэг “эмхтгэлд“ л “хавчуулчихаж” байгаа хэрэг л дээ. Энийгээ найз нөхөд, амраг садан, танил хүмүүстээ үзүүлнэ ээ. “Гайхуулж” байгаа царай нь тэр. Арай л гудамжинд тааралдсан хүнд үзүүлээгүй юм байна. “Муухай болж” гэх хүн ганц ч байхгүй нь даанч нэг сайхан даа…
• Харин бусад үед нь “зарцын ажил” хийж өгнө. Лавлагаа мавлагаа гаргах, номын эх нийлэх, унших гээд юу эс мундахав. Тухайн үедээ “аймаар хэцүү” байж билээ. Чухамхүү энэ л надад хамгийн их тус болсныг хэзээ хойно л ойлгосон юмдаг.
• Ер нь бол эрдэм шинжилгээ, судалгааны ажлын 70-аас дээш хувь нь техникийн “хар ажил” байдаг юм ш дээ. За залуус минь, “зарц” хийж “хар ажил” хийгээд муудна гэж огт байдаггүй гэдгийг л сайн тогтоож аваарай.
• Ингэж хэдэн жил “өвчигнөж өвчигнөж” байгаад аз болоход судалгаанд хөдөө гадаа явах болов. Анкет л бөглүүлэх ажил өгч байгаа нь тэр л дээ.
• Хөдөө очоод хүнээс юм асуухаа бараг “мартчихна”, нөгөө л “онол”-оо ярих гээд “хэцүү” шүү дээ. Ёстой хөгийн өвчин гэж энийг л хэлдэг байх. Гэхдээ ямар ч хүн ингэж байж л юм сурдаг гэж би ойлгодог.
• Тэр үед хөдөө явахад лекц унших даалгавар өгнө. Энэнд нь миний дуртайг яана. Ёстойгоосоо “лекцэлж” өгнө дөө. Эрхбиш сум, багт тулдаа гайгүй “өнгөрдөг” байсан байх. Юу ч мэдэхгүй хэвтэж ямар юмныхаа “лекц” уншиж байснаа одоо ч сайн санадаггүй юм. Одоо бодохоор “яс хавталзана” шүү дээ…
• Бас нэг “зовлон” нэмэгдэв ээ. Ёстой “гоё” лекц уншаад байхад чинь “асуух хүн” ганц ч байдаггүй ээ. Мэдээж ш дээ. Харин энд залуу насны танин мэдэх цуцашгүй эрмэлзэл, идэвхи чармайлт гэсэн авах чанар байсан юм шүү.
• Олон жил судалгаанд явж, эх орноо хөндлөн гулд туулж, янз бүрийн хүмүүстэй уулзаад ирэхээр амьдрал бол “онол” биш гэдгийг “арай” чүү ухаарахчаа болж билээ. Ажилчин, малчин, тариаланч, барилгачин, дарга гээд олон мэргэжлийн эгэл жирийн хүмүүстэй ярьж ойлголцдог болов. Өөрөөр хэлбэл миний “залуугийн өвчнийг” миний ард түмэн эдгээж өгсөн юм.
• Одоо бол буцаад “онол”-оо унших, судалгаа хийхэд амьдрал дээр үзсэн юмнууд санаанд орох болж, ажил маань аажимдаа зорилго чиглэлтэй болж ирсэн юм даа.
• Ингээд өөрийн сэдэвтэй болж, бие даасан судалгаа хийх болов. Тухайн үед Оросоос өөр юм байгаагүй болохоор орос номноос ижил сэдэвтэй судалгаа орчуулж байгаад “судалж” өгнө дөө. Цаг үе нь ч тийм байсан биз.
• Энэ бол монгол хэлээр явуулсан “орос” судалгаа байсан нь мэдээжийн хэрэг. Энд л арга зүйн болон зарчмын том алдаа гардаг юм. Одоо ч гэсэн ихэнхи судалгаа “гадаадынх” байгаа хэвээрээ. Энд л их “аюул” бий дээ…
• Одоо хайгуул маань илүү дээд түвшинд очиж, “онол”-ыг биш, хуулах, дуурайхыг биш, арга зүйг нь илүү сонирхох болсон юм. Би ч тэр, Та ч тэр монголын нийгмийг судалж байгаа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Их сонин нийгэм шүү дээ…
• Ингээд дүгнээд үзэхэд би онолдох, мэдэмхийрэх, юм юм рүү үсчих, сагсуурах, иш татах, цэцэрхэх, хуулах, лекцлэх, амжилтандаа ханах, дууриах, гадаад судалгаа давтах зэрэг мөн ч олон “залуугийн өвчин” туулсан болж таараад байгаа юм.
• Бөхөөр бол ямар ч цолгүй байж шууд л олимп, дэлхийн аварга болно гэж шууд зүтгэснээс нэг их ялгаагүй мэт. Гэхдээ залуу насны иймэрхүү мөрөөдөл угаасаа муу зүйл биш. Харин Та л өөрөө үүнийхээ төлөө цуцалтгүй шаргуу хөдөлмөрлөх ёстой.
• Өөр “залуугийн өвчин” байдаг уу ?! Байлгүй яахав. Миний л мэдэхээр хамгийн аюултай гурван “өвчин” байдаг юм. Энэ бол залхуурах, ажил оромдох (одоогийнхоор бол “хулхидах”), хүний үгээр явах гурав бөлгөө. Азаар тэр нь надад тусаагүй юм.
• Сүүлийн үед үлэмж аюултай шинэ “өвчнүүд” гарч байна. Энэ бол мөнгөнд хэт захирагдах, дарга дагаж нэр төр олох “өвчин” болно.
• Мөнгө олох, нэр төртэй байх нь зүйн хэрэг боловч түүнээс болж бодит байдлыг гуйвуулах, хүн чанараа алдах, даргад таалагдахыг хичээх, оюуны өмч хулгайлах зэрэг нь аймшигтай гэмт хэрэг. Ийм ахул Та шинжлэх ухааны судалгаа гэж ярьсны ч хэрэг байхгүй…
• “Залуугийн өвчнийг” давах ганц л арга бий. Энэ нь “хөдөлмөрлөх, сэтгэх, ахиад хөдөлмөрлөх, ахиад сэтгэх” арга болой. Энэ нь эхлээд “өөрийгөө ол”, тэгээд “өөрөөсөө эхэлж өөрчил” гэсэн зарчим юм.
• Дашрамд дурдахад хөгширсөн ч гэсэн “залуугийн өвчин” нь огт “эдгээгүй” тун олон хүн одоо ч байдаг. Эд нар бол яагаад ч “засрахгүй”, харин Та нарт хор болох учраас холхон явсан нь дээр…
• Зарим залуус намайг “лаг их мэдлэгтэй” гэж боддогийг би сайн мэднэ. Надад бусдаас “хамаагүй илүү” мэдээд байгаа юм огт байхгүй.
• Би ердөө л мэдээллээ “өөрийнхөөрөө” системчилж л сурсан юм уу даа. Энэ нь “залуугийн өвчин” тусч хашир суусны үр дүн байх. Харин залуу Таны мэдлэг, мэдээлэл хараахан нэг систем болж “зангидагдаагүй” байгаад л ялгаа нь байгаа.
• Энэ бол аль эрт социализмын үед болсон хөгийн явдал. Гэхдээ эдүгээ ч гэсэн багагүй сургамжтай гэж санах юм. Одоо цаг үе, нөхцөл байдал, сэтгэлгээ ихээхэн өөрчлөгдсөн ч “залуугийн өвчин” хаа сайгүй байна аа…
• Онцлон дурдахад “залуугийн өвчин” ихэнхи тохиолдолд даруу, соёлч, эелдэг зангийн цаана нуугдаж байдаг. Энэ л хамгийн аюултай, хорлогчинтой байдаг…
• Та миний 10 шахам жил “өвдсөн” хугацааг 1-2 жилд хурдхан туулаад өнгөрөх, эсвэл огт өвдөхгүй байх бүрэн боломжтой. Иймээс л үүнийг бичиж байгаа юм.
• Энийг л давчихвал Таны өмнө мөн ч их ирээдүй бий дээ. Иймээс намайг шоолоод байлгүй өөрөө хурдан “эдгэрч” үз дээ, залуу минь…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 10 дугаар сарын 09.
Recent Comments