Цахим сургалтын үнэлгээний загвар боловсруулж байгаагийн хувьд боловсролын үнэлгээний олон түүхийн талаар ихээхэн уншиж судалж байна. Энэ ажлынхаа хүрээнд олон судлаач эрдэмтэн нарын түүхтэй танилцсанаасаа хуваалцье гэж бодлоо.
Энэ бичлэгийн өмнөх бичлэгт товчлон орчуулан хүргэж байгаа эх материалыг гаргасан байгаа. Англи хэл сайтай хүмүүсийн хувьд орчуулга тааруу болсон бол энэ бичлэгийн дор тайлбар нэмэж оруулан залруулж өгвөл талархана шүү.
Ralph W. Tyler (1902–1994) Ралф В. Тилер бол Америкийн сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд боловсролын үнэлгээ, шинжилгээний талаар судалгаа хийдэг эрдэмтэн байв. Тэрээр 1902 оны 4-р сарын 22-нд Чикаго хотод төржээ. Түүний аав нь эмч хүн байжээ. Хүү багаасаа буюу 12 настайгаасаа эхлэн олон төрлийн ажил хийж өсчээ.
Тилер өдрийн цагаар сургуульдаа явж шөнийн цагаар цахилгаан шуудан дамжуулах газарт оператораар ажилладаг байв. 1921 онд бакалаврын зэргээ 19-н настайдаа Doane College-д сурч төгсөн авчээ. Тэрээр анх Өмнөд Дакотын Пиррийн ахлахсургуульд шинжлэх ухааны багшийн ажлыг хийн сурган хүмүүжүүлэх ажлын гараагаа эхэлжээ. 1923 онд Тилер ахлах сургуулийн сурагчидын мэдлэгийг шалгах шинжлэх ухааны сорил бэлтгэн улмаар үүнийхээ тусламжтайгаар сурагчдын “зөвхөн тогтоох арганд байгаа сул тал”-г олж илрүүлсэн байна. Мастерийн зэргээ Небраскийн Их сургуульд сурч 1923 онд авсан бол 1927 онд Боловсролын ухааны Докторын зэргийг Чикагогийн Их Сургуульд сурч төгсөн авчээ.
Чикагогийн их сургуульд хийсэн түүний төгсөлтийн ажил нь Тилерийг нэрт сурган хүмүүжүүлэгч Чарльз Жудд болон Чартерс В.В. нартай холбож өгчээ. Тэд нарын санааг хөгжүүлэн хожмоо Тилер сургалтын хөтөлбөрийн хөгжүүлэлт болон боловсролын үнэлгээ, шинжилгээний ажлаа бичсэн юм. 1927 онд Тилер Хойд Каролинийн их Сургуульд дээр багш нартай хамтран сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх ажлыг хийжээ. 1927 оны сүүлээр Тилер Охоягийн Улсын Их Сургуульд орсон бөгөөд тэндээс өөрийн судалгааны үндсэн чиглэл болох сүрил үнэлгээний чиглэлээ тогтоож авсан байна. Тилер Охоягийн Их Сургуулийн багшлах бүрэлдэхүүнд сурган заах арга зүйгээ дээшлүүлэхэд тусалж улмаар оюутны тоог нь өсөхөд нэмэр болжээ. Боловсрол төвт сорил болон үнэлгээний аргыг тэрээр энд тогтоосон байна. Учир нь түүний үнэлгээний арга нь сурсан дүнг зөвхөн цаас үзгээр дүгнэх биш харин суралцагчийн суралцах үеийн үнэлгээ сурсан нотолгоог иж бүрнээр тооцох санааг өөртөө багтааж байлаа.
Тилер “Найман жилийн сургалт” багийг 1933-1941 онуудад толгойлж байсан бөгөөд 30-н дунд сургууль, 300-н коллеж болон их сургуулийг хамарсан үндэсний сургалтын хөтөлбөрийн үнэлгээг хийх ажлыг хийж байжээ. 1938 онд тэрээр Охоягийн Их Сургуулиас шилжин Чикагогийн Их сургуульд ирж өөрийн ажлаа үргэлжлүүлсэн байна. 1953 онд тэрээр Стэнфордын Их Сургуулийн дэргэдэх Харьцааны Шинжлэх Ухааны Ахьсан шатны Сургалтын төвийн анхны захирал болсон бөгөөд энэхүү албыг 1967 онд тэтгэвэрт гарталаа хашиж байсан байна.
Найман жилийн сургалт ажлынхаа дүгнэлт болгон тэрээр “Сургалтын хөтөлбөрийн ба зааврын үндсэн зарчим” нэртэй алдарт бүтээлээ 1949 онд бичжээ. Энэ бүтээлд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр болоод зааварчилгаа ямар байх ёстойг дүгнэн нэгтгэн бичсэн байна. Энэхүү ном нь олон жилийн туршид шилдэг борлуулттай ном байсан бөгөөд 36-н удаа давтан хэвлэгдэж өнөөдрийг хүртэл сургалтын хөтөлбөрийн үндсэн хэв загварыг тодорхойлсоор байна. Энэхүү ном нь Тилерийн логик үндэслэл хэмээн нэрлэгдэн алдаршсан дөрвөн үндсэн хэсгийг тайлбарлан бичсэн байдаг:
- Сургууль нь боловсролын ямар үндсэн зорилготой байх ёстой вэ? (Зөв зохимжтой суралцах зорилгуудыг тодорхойлох)
- Дээрх зорилгуудад хүрэхийн тулд суралцах туршлагуудыг хэрхэн сонгох вэ? (Ашигтай суралцах туршлагыг танилцуулах, хэлж өгөх)
- Суралцах туршлагыг хэрхэн үр ашигтайгаар заавар зөвөлгөө болгон хүргэх вэ? (Туршлагыг хамгийн дээд үр ашигтайгаар хэрэглэхийн тулд зөв зохион байгуулах)
- Суралцах туршлагын үр ашгийг хэрхэн үнэлэх вэ? (Сургалтын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, улмаар үр ашиг бага байгаа хэсгийг сайжруулах)
Тилер 1994 оны 2-р сарын 8-нд хавдарын улмаас Сан Диего-д нас баржээ.
Боловсролын үнэлгээний талаар судалгаа хийж байгаа хүмүүс Ralph W. Tyler гээд хайхад олон бүтээл интернэтээс олж уншиж болно. Мөн энэ чиглэлийн бүх бүтээлд энэ хүний бүтээлээс ишлэл орсон байдаг юм билээ.
Recent Comments