Сурах арга барилд суралцах нь

Өчигдөр миний 9-н настай охин маань надаас асууж байна:
– “Ээжээ, та яаж юмыг сурдаг вэ?” гэж. Гэнэтийн энэ асуултанд би бас шуудхан хариулж чадсангүй. Хэсэгхэн бодов. Тэгээд би
– “Ээж нь байнга л сурч байдаг” гэж хэллээ. Асуулт үргэлжлэв:
– “Яаж?” гэж асууж байна. Охинд маань хариулт их чухал байгаа бололтой ширээний дэргэд зогсчихоод ер салах шинжгүй царай руу минь харан хариултаа хүлээж байлаа. Би хийж байсан зүйлээ орхиж охин руугаа хараад:
– “Юм болгоноос бас хүн болгоноос сурч болдог. Би тэгэж боддог. Чамаас ч би суралцдаг” гэлээ.
– “Надаас сурдаг аа? Надаас юугий нь сурдаг юм?” гэж байна.
– “Чамаас би нэг юм шалахаараа салахгүй байхыг сурдаг” гэж хошигнолоо.
Охин маань санаа нь амарч ээждээ юм сургасандаа сэтгэл ханан эргэж өөрийнхөө өрөө рүү оров.
Би харин бодол бодон хоцорлоо. Нээрэн би хэрхэн сурдаг юм болоо гэж? Бодоод байхад би үнэхээр л дандаа сурч байдаг аж. Одоо ч сурсаар л явна. Хүн ер тэнгэрт хальталаа сурдаг гэсэн. Үнэн байх шүү. Сурна гэдэг нь сургуульд сууж сурах биш л дээ. Амьдралаас, өдөр бүрээс, хүн бүрээс, мөч бүрээс сурах санааг би хэлж байна.
Энэ хавар би Массачусетскийн Их Сургуулийн бүтээлчээр сурах арга барилд суралцах нь гэсэн зайн сургалтанд суусан юм. Тэндээс үнэхээр олон зүйлийг сурч авсан. Хүмүүс хэрхэн өдөр дутмын амьдралаас бүтээлчээр сурч болохыг тэнд зааж байлаа. Хэрхэн гарын доорх материалаар бүтээл туурвиж болохыг тэнд зааж байсан юм. Тэр сургалтаас сурсан хамгийн чухал зүйлүүдийн нэг бол ТОГТМОЛ сурах арга барил байв. Өөрөөр хэлбэл, сайн тамирчин байхын тулд тогтмол дасгал сургууль хийсний дүнд өндөр амжилт гаргадаг шиг та байнга сурч бодож сэтгэж байвал тархи гээч эрхтэн байнгын дасгал суруультай байна гэсэн санаа юм. Улмаар тархи ийм бэлтгэлд орсноор нөгөө хүмүүсийн хэлдэгээр толгой гэдэг компьютер шиг л хурдан сэтгэдэг, ажилладаг бас юмыг хүлээж авах чадвар дээшилдэг бололтой. Гүйгээд байхаар “амьсгаа задарна” гэж нэг юм болдог доо. Тэрэн шиг тархины үйл ажиллагаа тогтмолжиж сэтгэн бодох чадвар нэмэгддэг байж болох юм.
Миний гол баримталдаг зарчим бол хүн бүрээс сурах. Хүн болгон нэгэн үл давтагдах ертөнц. Иймд хүн болгоноос сурах юм заавал олддог юм. Мөн олон зүйлийг зэрэгцүүлж сурч бас хийдэг. Ингэх нь цагаа үр бүтээлтэй ашиглах сайхан боломжийг олгодог. Хүн гээч амьтан ачаалал маш сайн даадаг шүү. Та өөртөө үүрэг даалгавар өгч ачаалах тусам толгой чинь хурдан ажиллаж цагаа үр бүтээлтэй төлөвлөж тэгээд л ажил чинь өөрөө бүтээд байгаа мэт урамтай сайхнаар бүтэж байх болно.
Хүмүүсээ бие биенээсээ суралцах, сурсан мэдсэнээ бусадтай харамгүй хуваалцах л сурах хамгийн ШИЛДЭГ арга барил шүү. Би тэгэж боддог.
Та юу гэж боддог вэ?

5 comments to Сурах арга барилд суралцах нь

  • Hishgee

    Тийм ээ сууж сурах хэрэгтэй гэдэг үнэн. Харин үр бүтээлтэй суухын тулд өөртөө үүрэг даалгавар өгч ачаалах нь чухал юм байна.Баярлалаа

  • Санаа авахаар зөвлөгөө өгсөн та 2-тоо баярлалаа. Миний хувьд хүн насан туршдаа сурдаг гэдэгтэй санал нийлж байна. Учир нь хүн амьдралын их сургуульд хүссэн хүсээгүй сурдаг. Аливаа зүйлийг сурахад хүсэл тэмүүлэл чухал гэж би боддог. Хүсч тэмүүлээгүй хүнийг ямар ч сайн багш, сайн сургууль сургаж чадахгүй. Ер нь хүн амжилттай сурахад эхлээд СУУЖ сурах хэрэгтэй гэж би бодож байна.

    • SGK

      Хүсэл тэмүүлэл бол амжилттай сурахын үндсэн хөдөлгүүрүүдийн нэг гэдэгтэй санал нэг байна. Сууж сурах ч бас чухал шүү. Түүнээс гадна сониуч зан бас сурахад их нөлөөтэй санагддаг.
      Санал бодлоо хуваалцсанд баярлалаа.

  • Amarjargal

    Би маш олон жил хэдэн сэдэв сонгож суралцсан. Сонгосон сэдэв, мэргэжилээ суралцахдаа эхлээд уншиж судалж болох бүхий л ном судалгааны материалуудын жагсаалтыг эхэлж үүсгэдэг. Дараа нь тэр ном материалуудаа номын сангуудад захиалж (хугацаатай) эсвэл өөрөө худалдан авч цуглуулдаг.
    Яг үнэнийг хэлэхэд би монгол хэл дээр юм уншиж байгаайгүй. Ихэнх техникийн болоод бизнесийн судалгаа маань English, орос болоод бусад хэл дээр.
    Дараа нь цуглуулсан материал номнуудаа гүйлгүүлэн эргэн харж, шат дараалуулан уншиж судлах төлөвлөгөө үүсгэдэг.
    Заримыг нь хэрэггүй гэж үзвэл унших материалаасаа хасдаг.
    Тэгээд өдөр бүр төлөвлөгөөнийхөө дагуу ягштал уншаад тэмдэглээд явдаг.
    Судалгааны явцад давхацсан санаа, бие биенээ хуулбарласан ном бүтээлүүүд их ажиглагддагч ерөнхийдөө хамгийн гол санаанууд болоод үндсэн зарчмыг ойлгож үлддэг.
    Үүний дараа нь Практик судалгаа хийдэг.
    Сүүлд өөрөө бие дааж хийж бүтээх зүйл дээрээ сууж ажилладаг.

    • SGK

      Гайхалтай. Өөрийн суралцах арга барилаасаа харамгүй хуваалцсанд баярлалаа.
      Судалгаа хийх гэж байгаа чиглэлийнхээ талаар уншина гэдэг маш чухал шүү. Би одоо ч уншсаар л байгаа. Шинээр гарч байгаа зүйлүүдийг цаг тухай бүрт нь хүлээж авахыг боддог. Таны хэлсэн үнэн. Уншиж байхад үед хэн нь үнэхээр санааг гаргасан харин хэн нь түүнээс хуулбарласан болох нь харагддаг. Зарим нь эх санааг сайжруулан өөрийн нөхцөл, оронд тохируулан хөгжүүлсэн байх нь ч таардаг.
      Монгол хэл дээр материал бага байгаа үнэн. Иймд хэлтэй бас их уншдаг хүмүүс бага ч гэхнээ уншсан мэдсэнээ эх хэл дээрээ хуваалцаж байх нь зүйтэй санагддаг. Та ямар чиглэлээр судалгаа хийдэг вэ? Хүмүүст түгээх сонирхолтой мэдээ мэдээлэл, бүтээл байвал та энэхүү блогт маань байршуулж болно шүү. Боловсрол уг нь үнэгүй байх ёстой гэсэн санааг би эрхэмлэдэг. Иймд өөрийн зүгээс чадах ядахаараа үнэ төлбөргүй мэдээ, мэдээлэл хүргэхийг хичээдэг юм.
      Таны дээрх зөвөлгөө үнэхээр чухал байлаа. Цаг гаргасанд баярлалаа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>