Эрхэм залуу судлаач танд би өөрийн хуримтлуулсан өчүүхэн туршлагаасаа амралтын өдрөө хуваалцъя гэж бодлоо.
Хэрэв та эрдэм мэдлэгийн замыг сонгож ямар нэгэн хэмжээгээр судалгааны ажил эрхэлж эхэлсэн бол таны ажлын гол үзүүлэлтүүдийн нэг бол дотоодын болоод гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцүүлсэн илтгэлүүд байдаг билээ. Тэгэхээр юуны өмнө эрдэм шинжилгээний илтгэлийг бичиж сурах нь чухал юм.
Дараах хэд хэдэн зүйлийг анхаарч байхад илүүдэхгүй гэж би бодож байна.
1. Юуны өмнө судалгааны чиглэлээ сайтар сонгон тогтох хэрэгтэй. Өгүүлэл бичиж эхлэхээсээ өмнө тухайн чиглэлээр бичигдсэн хэвлэгдсэн материалуудыг уншиж судлах нь зүйтэй. Болж өгвөл 2-3-н өөр хэл дээр унших нь өгүүлэлүүдийг харьцуулах сайхан боломжийг олгодог. Та хэдий их унших тусам тухайн чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа хүмүүс нь тийм ч олон биш болохыг мэдрэх болно. Өөрөөр хэлбэл ямар нэгэн нарийн чиглэлийн хувьд дэлхийд гол санааг нь гаргаж байдаг толгой эрдэмтэд, судлаач нь цөөхөн хүмүүс байх нь олонтаа. Бусад хүмүүс тэдгээр анхдагч хүмүүсийн санаан дээр тулгуурлан өөр өөрийн бодлыг нэмэн хөгжүүлсэн байдаг. Тэгэхээр ямар нэгэн өгүүлэл бичих гэж байгаа бол таны тэр санааны үндэс болсон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжийг олж уншин түүнээс ишлэл оруулсан байх нь чухал. Ийнхүү ишлэл оруулснаар тухайн чиглэлийг мэддэг хүмүүс таны өгүүлэлийг үнэлэх үнэлгээ нэмэгдэнэ үү гэхээс хорогдохгүй. Учир нь ийм ишлэл оруулснаар та өөрийн судалгааны чиглэлийн өмнө хийгдсэн ажлуудыг сайтар уншиж судалсанаа харуулах болно.
2. Нэгэнт хангалттай материал уншсан гэж бодож байгаа бол өөрийн бичих өгүүлэлийн санаагаа бичихээсээ өмнө толгойндоо сайн хөгжүүлж эргүүлж тойруулж бодох нь чухал. Шууд компьютерт шивээд эхлэх биш цаасан дээр ноороглож бичих нь сайн өгүүлэл гаргах зөв эхлэл болно.
3. Өгүүлэлээ бичих бүтцээ эхлээд гаргана. Хэдэн хэсэгтэй байх. Юу багтаах гээд. Судалгааны өгүүлэл, тайлан хэлбэрийн өгүүлэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, аргачлал тодорхойлсон өгүүлэл гээд өгүүлэлүүд олон хэлбэрийн байдаг. Та ямар хэлбэрийн өгүүлэл бичих гэж байгаагаа өөрөө бас сайн ойлгож байх нь чухал.
4. Шууд л гадаад хэл дээр өгүүлэл бичих дэмий. Болж өгвөл эхлээд монгол хэл дээрээ тухайн чиглэлийн өмнөх материалуудыг уншиж дүгнэлт хийсэн өгүүлэл бичиж дотооддоо хэвлүүлж болно. Эсвэл илтгэл тавьж болно. Үүнийг literature review paper гэх нь бий. Ийм өгүүлэл бичих нь тухайн чиглэлээр хийгдээд байгаа ажлуудыг сайтар мэдэхээс гадна таны бодлоор хаана нь юу нэмэж сайжруулж болмоор байгаа нь харагдах болно.
5. Судалгааны өгүүлэл бичих гэж байгаа бол ямар аргачлалаар судалгаа хийхээ сайн сонгож наана нь материалаа сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээд эхлээд тухайн аргачлалынхаа дагуу цуглуулсан материалууд дээрээ өөрийн дүн шинжилгээг хийнэ.
6. Шинэ санаа дэвшүүлсэн өгүүлэл бичих гэж байгаа бол яагаад ийм шинэ аргачлал хэрэгтэй болсоныг тодруулж өгөх нь таны онолыг хүн ойлгоход дөхөмтэй болно. Өөрөөсөө өмнө байсан онол аргачлалуудыг муу сул гэж бичих нь таагүй. Хүмүүсийн хийсэн зүйлийг шүүмжилж хөндөх хэрэггүй. Угаасаа технологи шинжлэх ухаан өөрөө байнга хөгжиж байдаг учир шинжлэх ухааны хүмүүсийн ямар ч зүйлийг өөр хүн өөрийнхөөрөө өөрөөр хийж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байдаг юм. Иймд зүгээр л өөрийн шинэ арга, онолын давуу боломжит талуудыг өгүүлэлдээ илүү бичих нь дээр.
7. Шинэ зүйлийг бол асуудал хөндсөн маягаар бичих нь зүйтэй. Хүмүүс таны бичсэн зүйлийг шүүмжлэхээс айх хэрэггүй. Шинэ юм болгон асар их эсэргүүцэлтэй тулгар байж гарч ирдэг. Иймд үнэхээр л шинэ юм хийж байгаа бол хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарахдаа бэлэн байх хэрэгтэй. Шүүмжилсэн болгон таны дайсан биш. Харин ч тэр шүүмжлэлээс өөрийн онолын санааны сул талаа олж харахыг хичээх нь чухал. Иймд шинэ юм хийж байгаа бол аль болох түүнийг их ярьж хүмүүст ялангуяа тэр чиглэлийн эрдэмтэн судлаач шинжээч нарт хүргэх нь чухал. Тэгэж байж л үнэхээр шинэ бас хэрэгтэй юм хийж байгаагаа батлах болно.
8. Сайн өгүүлэл уншууртай байх ёстой. Баахан онол бичээд нуль тоо томъёо байх бас дэмий. Болж өгвөл зураг дүрслэл, схем график зэргээр гол санаагаа гаргаж өгч зөвхөн эрдэмтэн биш энгийн хүн харсан ч бас жаахан ойлгогдохоор бичих нь чухал. Хэрэв та хамгаалах гээд диссертацаа бичиж байгаа бол дан онолоо томъёогоор илэрхийлэх нь зөв л дөө. Гэхдээ өгүүлэл бол диссертац биш гэдгийг санахад илүүдэхгүй.
9. Монгол хэл дээрээ гаргасан өгүүлэлээ сайжруулан хэд хэдэн удаа илтгэх нь зүйтэй. Ингэснээр тэнд байгаа сул талуудаа олж хөгжүүлнэ.
10. Одоо харин ийм өгүүлэлийг туршилт үр дүнгээр баяжуулаад гадаад хэл дээр болгон том хуралд илгээвэл сайн. Болж өгвөл хурал болохоос бараг жилийн өмнө зарлагддаг тийм хурлуудад илгээвэл зүгээр. Ийм хурлууд нь хамгийн багадаа 2 шинжээчээр таны өгүүлэлийг уншуулан дүгнүүлдэг учир та өөрийгөө шалгуулах сайхан боломж болдог.
11. Илтгэл хүлээн зөвшөөрөгдсөн бол хичнээн хол ч тэр хуралд биеэрээ орж илтгэлээ амаараа тавихыг хичээх нь чухал. Ингэснээр та өөрийн онолыг хүмүүст хүргэнэ улмаар бусад хүмүүсээс ихийг сурах болно.
12. Хэлний бэрхшээлээс айх хэрэггүй. Сайн өгүүлэл гэж үзэж байгаа бол тухайн мэргэжлийн хэлтэй хүнтэй хамтран өгүүлэлээ орчуулуулж тэр хүнээ 2 дахь зохиогчоор нэрийг нь оруулж болно. Дэлхийд өгүүлэл хичнээн зохиогчтой байсан ч эхний зохиогч нь эзэн нь гэдгийг мэдэж байдаг учир өөрийнхөө нэрний ард хүмүүсийн нэрийг тавихаас татгалзах хэрэггүй. Гэхдээ 3-аас дээш нэр тавих нь бас тиймхэн л дээ.
13. Очоод илтгэх үед ижил сонирхолтой ижил чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүст таны хазгай мурий англи хэл ерөөсөө асуудал биш. Таны ярьж байгаа зүйл л чухал байдаг. Иймд шантрах хэрэггүй. Ярьж байж л сайжирна ш дээ. Тэрнээс дуугай л яваад байвал нэг өдөр англиар яриад унана гэж байхгүй. Тэр чинь хүүхэлдэйн кинонд л тэгдэг юм.
14. Өгүүлэлээ хаана ч гаргасан бай заавал өөрөө дахин уншиж байх хэрэгтэй. Ингэснээр өөрийн алдааг олж харахаас гадна дараа бичихдээ юуг анхаарах хэлбэр загвараа ч гэсэн ойлгодог сайн талтай.
Urgelj medlegiin saihan ur tugeej baidagt tani bayarlalaa.
Tsaashdaa ch bas zunduu ur tugeej baina gedegt itgej baina.
Amjilt huseye!!!
Thank you.