Бодол хөвөрнө…

Эрдмийн мөр хөөнө гэдэг амаргүй даваа. Энэ замаар алхаж яваа хэн бүхэн энэ үгийг ойлгож байгаа гэдэгт би итгэж байна. Хол ойр ямар нэгэн хэмжээгээр хүмүүс энэ замаар заавал алхдаг.
Бага, дунд тэгээд их, дээд сургууль. Бүгд л эрдмийн урт замын нэгээхэн хэсэг. Зарим хүмүүс суралцах дуртай байдаг бололтой. Эсвэл шинийг танин мэдэх ч дуртай юм болов уу? Унших дуртай ч юм уу? Энэ бүхэн хүнийг эрдмийн мөр хөөх, Судлаач болох зам руу түлхдэг байх.
Дунд сургуульд сурч байхдаа багш болно, судлаач болно гэж бодож байгаагүй билээ, би. Инженер болоод л нээг их мундаг амьтан явна гэж мөрөөддөг байсан. Тооцон бодох электрон машин гэдэг үг хэллэг намайг дунд сургууль төгсөх үед гарч ирж байлаа. Тэгээд л энэ их чухал зүйл гэнэ шүү, алсдаа их хэрэгтэй гэнэ гэж хүмүүс ярьдаг байв. Хэдийгээр тэр нь юу гэсэн үг болохыг огт мэдэхгүй ч за тэр маш чухал зүйлийг л суръя гэж санаад 10 төгсөөд сургуульд орохдоо ЭВМ (электронно вычислительная машина) гэдэг мэргэжлийг сонгож авсан. Яг юунд сурч байгаагаа бол тэр үедээ төсөөлөө ч үгүй.
Ямар сайндаа л нэг амралтаараа ирсэн чинь манай аав, “Хүү минь, чиний тэр сураад байгаа чинь ирэхээрээ том том машины араа шүд засдаг засварын инженер болдог гэнэ. Чи эмэгтэй хүн, чамд хүнддэднэ. Миний охин эртхэн мэргэжлээ солиод Монголдоо ирээд Их Сургуульд орчих” гэж байж билээ. Хүмүүс тэр үед ЭВМ гэдэг юмны талаар бараг ойлголт үгүй байсан юм.
Гэхдээ, олны үг ортой гэдэг шиг хүмүүсийн таамаглал зөв байсан. Миний эзэмшсэн мэргэжил цагаа олсон сайхан мэргэжил. Би орчин үеийн хамгийн чухал зүйл болох Компьютерийн мэргэжилээр сурсандаа баяртай байдаг. Үүнийхээ ачаар л өнөөдөр та бүхэнтэй бодлоо хуваалцаж сууна.
Бодол хөврөх болсон шалтгаан бол эрдмийн ажлын тухай бодол байлаа. Он гарсаар юу ч хийсэнгүй. Нэг хэсэгтээ жаахан халшраад хойш тавих бүх л аргыг хайж байна. Файлуудаа янзлав, компьютерээ форматлав, хамтгамалаа дуусгав, үр хүүхэд гэр орондоо цаг гаргав. Гэвч эргээд ажил руугаа орох цаг болсоныг ойлгож байна. Дахин яаж эхлэх вэ? Хэрхэн яаж үргэлжлүүлэх вэ? гэж шөнөжин бодож хонолоо.
Судалгааны ажлаа эмхлэн бичиж байхад зарим өдөр их урамтай олон сайхан хуудас бичиж, сайхан зураглалаар санаагаа гаргаад л ахицтай гэж. Гэтэл зарим өдрүүдэд юу ч гараас гарахгүй. Бичсэн бүхэн санаанд үл хүрнэ. Бичсэнээ устгана. Дахиад бичнэ. Цагаа болохоор хүний нүдэнд харагдах үр бүтээл үгүй мэт. Хэнд, хэзээ хэрэгтэй гэж ийм юм би бичиж суунаа? ч гэж өөрөөсөө асууна. Ер нь хийж байгаа бүтээл маань хир шинэ, хир үр дүнтэй болох бол гэдэг бас л асуудалтай. Энэ их уудам хорвоод дэлхийн аль нэг өөр өнцөгт миний нухаад байгааг аль хэдий нь хийчихсэн ч байх юм бил үү? Яаж тэр бүхнийг гүйцэж унших вэ? олж мэдэх вэ? гээд л бодно. Амаргүй юмаа…
Гэхдээ би дуусгах ёстой, эхэлсэн ажлаа гүйцээх ёстой. Файлуудаа янзалж байгаад олсон цэцэн үгээс улбаалан энэ бодролоо бичсэн юм.

Уншвал ухаан баяжина.
Уурлавал стресс баяжина.
Хайрлавал сэтгэл баяжина.
Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина.
Зовлонг давахад тэвчээр баяжина.
Зориглоод хийхэд амжилт баяжина.

Эдгээр үгсээр өөрийгөө цэнэглээд ажил руугаа шумбан орноо. Нэгэн сайхан өдөр өөрийн блогоороо дамжуулан Хүндэт Зочид та бүхэндээ, шавь нартаа, найз нартаа сайхан мэдээ дуулгаж үр дүнгээ үзнэ гэж итгэж байна.
Та сайхан амраарай. Тэвчин энэ хүртэл уншсанд БАЯРЛАЛАА.

2 comments to Бодол хөвөрнө…

  • Өөрийн блогоороо дамжуулан бодлоо хуваалцаж байдагт тань баярладаг шүү. Тамирчин хүн асар их тэсвэр хатуужлийг даван ялалтанд хүрдэг шиг, эрдэм номийг сурч боловсроно гэдэг асар их тэсвэр, анхаарал, хөдөлмөрийг шаарддаг билээ. Гэхдээ сэтгэл зүрхээ зориулсан ажлынхаа ард нь гарах шиг КАЙФ хаа ч байхгүй бизээ. Сэтгэл гаргасан БҮХ зүйл бүтдэг юмаа багш аа, УРАГШАА. Таны 6 мөртийг блогтоо тавимаар санагдлаа. Болох уу? 🙂

    • GK

      Бололгүй яахав ээ. Гэхдээ миний үг биш шүү. Нетээс л олсон үг. Би зохиогоогүй. Хэлсэн хүнийг нь мэдэхгүй ч гайхмаар онож хэлсэн байна лээ. Багшийнхаа блогоор тогтмол орж бодол саналаа үлдээж байтагт харин чамд маш их баярлалаа. Багш нь хичээнээ.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>