Япон орон миний нүдээр – Хэсэг 1. Нийтийн тээвэр

Даяарчлалын эрин зуун бидэнд олгож байгаа өргөн боломжуудын нэг бол гадаад оронд суралцах, эрдмийн ажил хийх билээ. Надтай холбоотой байдаг, хамтарч ажилладаг зарим нэгэн судлаачид маань миний хүсэлтээр өөрийн амьдарч байгаа улс орныхоо сониноос блогийн маань зочидтой хуваалцахыг зөвшөөрсөнд би баяртай байна. Анхны Алтан Хараацай болон Япон улсад химийн чиглэлээр судалгаа хийж, эрдийн цол хамгаалахаар ажиллаж буй нэгэн Монгол эрдэмтэн бүсгүй өөрийн харсан нүдээр, санал бодлоор Таныг Япон орноор аялуулах гэж байна.

Нэгдүгээр хэсэг. Нийтийн тээвэр
Анх намайг энд ирэхэд манай тэнхимийн багш болон оюутан нар тосож аваад таксигаар гэрт хүргэж өглөө. Таксинд суучихаад л хаалгаа хаах гээд сурсан зангаараа татаад чангааж байтал өөрөө хаагдчихдаг юм аа, орхичих гэлээ. Яваандаа бүх таксинуудын хаалга автоматикаар онгойж хаагддаг болохыг мэдэж авсан боловч одоо ч гэсэн үе үе таксины хаалгыг өөрөө татаж суучих гээд л ухас ухас хийгээд байдаг юм. Таксины тэмдэгтэй машинууд л таксинд явдаг бөгөөд жолоочийн хажуу талын дэлгэц дээр км, үнийн дүн гарч байдаг. Бүх жолооч нар дүрэмт хувцастай, хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг нь ажиглагддаг юм. Ер нь эндхийн бүхий л хүмүүс өөрийн хийж байгаа ажилдаа сэтгэл гарган, хийсэн шиг нухацтай хариуцлагатай хийдэг нь үлгэр дуурайлал авмаар сайхан чанар гэж боддог.
Дараа нь банкны карт нээлгэх, хэрэгцээтэй зүйлээ худалдаж авах гээд гадагшаа гарахдаа байнга автобусаар явах боллоо. Автобусны буудал дээр ирэхэд олон хүн дугаарлаад зогсож байхаар нь ихээхэн гайхлаа. Тэгээд ард нь очоод зогсчихлоо. Автобусаа ирэхээр зогссон дараалалаараа орж байх юм. Орохдоо ард талын хаалгаар автобусанд орох бөгөөд хаалганы баруун гар талд карт уншигч болон билетний машин байдаг. Карттай нь картаа уншуулж, картгүй нь билетээ авч орно. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, оюутан, сурагчид гээд бүх хүн билет авч, картаа уншуулж орох бөгөөд хаалганы ойролцоох сандалнууд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, зүрхний өвчтэй хүмүүс, жирэмсэн болон хүүхэдтэй хүмүүст зориулсан тусгай тэмдэгтэй. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон сурагчдын хөнгөлөлт байх бөгөөд тэр нь тэдний дансанд цаанаасаа ордог гэсэн. Яг автобусанд суух үедээ бүх хүн ижилхэн төлдөг. Энэ бол маш зөв систем бөгөөд хэрвээ хүн мөнгөө хэмнэхийг хүсвэл эрт босоод алхаад ч юм уу явах боломжтой юм.
Мөн эндхийн автобуснууд нь ороход маш амар, зогсохоороо хүмүүст эвтэйхэн намхан болж өгдөг тохиргоотой. Хэдэн жилийн өмнө Монголд “Нисэх”, “Шар хад”, “Сонсголон” зэрэг хэд хэдэн чиглэлийн цэнхэр автобуснууд маш өндөр шаттай бөгөөд ороход үнэхээр амаргүй автобус манайд явж эхэлж байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэр автобуснууд Японых байсан гэж бодохоор яагаад эд нар тийм шаттай автобус манайд өгсөн эсвэл зарсаныг ойлгохгүй юм. Японд автобусаар үйлчлүүлдэг хүмүүсийн ихэнх нь өндөр настангууд байдаг бөгөөд тэд нар лав тийм өндөр шаттай автобусанд хэзээ ч сууж чадахгүй. Тэгэхээр тийм автобус үйлдвэрлэчихээд өөрсдөө хэрэглэхгүй голоод манайд явуулсан уу? эсвэл гадаадуудад зориулж тэрийг үйлдвэрлэсэн үү? Мэдэхгүй…
За ямартаа ч автобус руугаа эргээд оръё. Автобусны буудал дээр автобусны цагийн хуваарийг нэг бүрчлэн хүснэгтээр үзүүлсэн байх бөгөөд хагас, бүтэн сайн өдөр, олон нийтийн баярын өдрүүдийн хуваарийг бас тодорхой бичиж өгсөн байдаг. Ер нь хараад байхад нэг буудал дээр 4-5 автобус зарим буудал дээр 2 автобус ирдэг байх юм. Ихэнхдээ тодорхой зайнд автобуснууд явдаг бөгөөд бага зэрэг зайтай газар явах болбол дамжиж явах хэрэгтэй болно. Хотын захдуу газрын ч юм уу, автобусны жижигхэн буудлууд нь зүгээр л нэг шон дээр пайз хадаад, тэр пайзан дээрээ цагийн хуваараа хэвлээд наасан байх жишээтэй. Мөн буудлуудын хоорондох зай нь маш ойрхон байдаг. Ойролцоогоор 300 метрийн зайтай байх. Алхаад явахад 5 минут ч хүрэхгүй буудлууд мөн байдаг. Энэ нь өндөр настай хүмүүс автобусаар үйлчлүүлэгчдийн ихэнх хувийг эзэлдэгтэй холбоотой байж болох юм.
Анх автобусанд орох гээд зогсож байхдаа мөнгөө бэлдмээр санагдаад л бүүр санаа зовоод хамт явж байсан хүүхдээсээ “бидний очих газар хүртэл хэдэн иен бэ?” гэсэн чинь “болоогүй ээ, буухдаа төлнө” гэсэн юм. Тэгээд орохдоо билетээ (билет дээр дугаартай, буудаллууд дээр тоо нь өөр өөр байдаг) өөрөө үүднээс авна. Автобусаар явах замын туршид буудлуудыг зарлаж өгөх бөгөөд хэрвээ буух хүн байвал ойролцоох товчлуураа дарах ёстой. Хэрвээ тухайн буудал дээр буух хүн байхгүй бөгөөд мөн автобусны буудал дээр хүн байхгүй бол зогсохгүй явна. Жолооч замын тодорхой эргэлтүүдийн үед анхааруулга хийж баруун гар тийш эргэлээ гэх мэтээр бариулаасаа сайн барихыг зөвлөж өгдөг. Мөн автобусны дотор талд ямар нэг дуу хөгжим сонсох, тамхи татах, хогоо ил хаях, хэрүүл маргаан хийх, хулгай хийх зэрэг зүйл огт ажиглагдаагүй. Өөрөөр хэлбэл нийтийн унаанд санаа амар явж болно.
Жолоочийн суудлын ард тухайн хүний нэр цахилгаан дэлгэц дээр бичигдсэн байдаг ба бүх жолооч нар дүрэмт хувцастай бөгөөд малгай, цагаан бээлийтэй мөн микрофон зүүсэн харагддаг. Жолоочийн дээр заал руу харсан цахилгаан дэлгэц байх бөгөөд түүн дээр дугаарууд, түүнд харгалзах үнийн дүн гарч байдаг. Зорчигчид буухдаа тэндээс өөрийн төлөх ёстой төлбөрөө харж авдаг. Жолоочийн зүүн гар талд карт уншигч машин, мөнгө хийх машин, мөнгө задлагч машин байх бөгөөд зорчигч буухдаа тухайн машинуудыг ашиглан өөрийн төлбөрөө төлнө. Карттай зорчигчийн хувьд картаа автобусанд орохдоо уншуулсан учир гарахдаа уншуулаад мөнгө нь автоматикаар хасагдаад үнийн дүн тухайн дэлгэц дээр харагдах бөгөөд, карт дээр бас бичигддэг. Билет авсан зорчигчид өөрийн билетний дугаар дээрх мөнгөө тааруулан билеттэйгээ хамт харгалзах машин руу хийнэ. Хүн болгоны билетийг жолооч шалгахгүй, гэхдээ хүмүүс шудрагаар өөрийн төлөх ёстой мөнгөө тааруулж хийгээд бууцгаадаг. Хэрвээ илүү бүхэл мөнгө хийчихвэл хариулт өгөх боломжгүй болохоор тааруулж хийх хэрэгтэй. Мөн бүхэл мөнгийг задлагч машин байх бөгөөд эхлээд задлуулчихаад мөнгөө тааруулж хийх боломжтой юм. Бас жолоочоос шууд автобусны карт худалдаж авч болдог.
Зорчигчдыг буухад жолооч баярлалаа гэж хэлдэг бөгөөд зорчигчид ч мөн адил баярласнаа илэрхийлэн бууцгаадаг.
Би анх буух буудлаа болоогүй байхад босож зогсохгүй бол буухаас өмнө яваад өгөх юм шиг санагдаад л гялс босоод л урд хаалганы ойролцоо очоод байсан чинь эндхийн хүмүүс буудал дээр ирээд зогсохоор нь босож буудагийг ажиглаж сурсан. Мөн жолооч нь бүх зорчигчдыг орж байрлалаа эзэлсний дараа болон бүрэн бууж дууссаны дараа хөдөлж явдаг.
Автобусны маш олон чиглэлүүд байдаг болохоор ч тэр үү автобуснууд харьцангуй хүн багатай явдаг. Мөн хотын доторх галт тэрэг, метро хөгжсөн учир олон тээврийн хэрэгслүүдийг сонгож ашиглах боломжтой юм. Галт тэрэг, метро яг цагтаа тэгээд маш хурдан явдаг их дулаахан бөгөөд зуны халуунд сэрүүхэн учир таатай тохилог байдаг.
Мөн энд шинээр ирсэн гадаад хүмүүст зориулан олон улсын байгууллагууд, холбоонууд энэ улсад, тухайн хотод хэрхэн зөв амьдрах талаар танилцуулах өдөрлөг жил бүр хийдэг бөгөөд тэр өдөрлөг дээр хэрхэн автобусаар үйлчлүүлэх, хогоо хэрхэн ялгаж хаях талаар дадлага маягийн зүйлс мөн хийлгэдэг. Сонсоод за тийм зүйлүүдийг заагаад, заалгаад байхдаа яадаг юм бэ? гэж хэлэх хүн байж болох ч үнэхээр жижиг зүйлс гэдэг бол чухал бөгөөд энэ бүгд нь улс орны сайхан хөгжил, хотжилт гээд л бүхий л зүйлд их үүрэгтэй байдаг сансагдсан.
Автобусны талаар бичсэнийх нэмээд нэг зүйл санаанд орлоо. Зарим супермаркет, дэлгүүрүүд, фитнесс төвүүд өөрийн автобустай байх бөгөөд үйлчлүүлэгчдийг тодорхой зогсоолуудаас цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй зөөж үйлчилдэг. Дэлгүүрээс хүнд зүйл бариад ирэх нь машингүй оюутан хүмүүст ихээхэн хүндрэлтэй байдаг бөгөөд иймэрхүү унаа бидний дуртай унааны нэг байдаг даа.

Энэ хүрээд эхний хэсгээ өндөрлөе. Тэвчээр гарган уншсанд танд баярлалаа.
Үргэлжлэл бий…

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>